Жил бүр зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-7нд болно. Энэ өдрүүдэд Богд хааны ордон музей, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ. Харин Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон Алтан шүтээн хөшөөг үзэж сонирхоход төлбөртэй аж.
Богд хааны ордон музей энэ сарын 1-7-нд 09.00-17.00 цагт ажиллах бол Монголын үндэсний музей өдөр бүр цагийн хуваарийн дагуу 09.00-18.00 цаг хүртэл ажиллах гэнэ. Мөн энэ арга хэмжээний хүрээнд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
П.Дайриймаа