2026 оны одон орны хуанлийн хамгийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох сарны бүтэн хиртэлт маргааш тохионо. Энэхүү байгалийн ховор үзэгдэл энэ онд ганцхан удаа тохиох бөгөөд нийт таван цаг 38 минутын турш үргэлжлэх аж. Тэнгэрийн эрхэс дэлхийн сүүдэрт бүрэн далдлагдах буюу хиртэлтийн оргил үе нь 58 минут 19 секунд байх юм.
Уг үйл явдал Номхон далайн бүс нутагт хамгийн тод ажиглагдах бөгөөд Австралийн зүүн хэсэг, Шинэ Зеланд, Япон, Хавай болон Аляскийн оршин суугчид сар хиртэх үзэгдлийг бүтэн харах боломжтой. Харин манай орны хувьд Улаанбаатарын цагаар 18.41-20.41 цагийн орчимд илүү тод харагдах гэнэ.
Бүтэн хиртэлтийн үед дэлхий нар, сар хоёрын дунд орж, нарны шууд гэрлийг сар луу тусахаас бүрэн хаадаг. Гэсэн ч сар таг харанхуй болчихдоггүйн учир нь дэлхийн агаар мандал “линз” мэт ажиллаж, нарны гэрлийг хугалан өөртөө нэвтрүүлдэг аж. Ингэхдээ нарны гэрлийн бусад өнгө агаар мандалд сарниж замхардаг бол зөвхөн хамгийн хүчтэй, урт долгионтой улаан туяа нь дэлхийг тойрон гарч, сарны гадаргуу дээр тусдаг байна. Үүний нөлөөгөөр сар ердийнхөөсөө өөрөөр буюу улайрч үзэгдэх бөгөөд тухайн үеийн агаар мандал дахь тоос шороо, аэрозолийн хэмжээнээс шалтгаалан тод хүрэн ягаанаас бүдэг тоосгон өнгө хүртэл хувирах аж.
Ташрамд дурдахад, эл үзэгдлийг шинжлэх ухаанд “Рэлейн сарнил” (Rayleigh scattering) гэж нэрлэдэг. Энэ нь бидэнд тэнгэрийг цэнхэр, харин нар жаргахыг улаан өнгөтэй харагдуулдаг тэрхүү физикийн хууль юм. Сарны хиртэлтийг харахад нарных шиг тусгай хамгаалалтын шил шаардлагагүй бөгөөд хүний хараанд ямар ч аюулгүй гэнэ.
Э.Сүйлэн