МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн баасан гарагт болсон Бага хурлынхаа үеэр намдаа цэвэрлэх, цэгцлэх хөдөлгөөн эхлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Улмаар тэрбээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа болон Бага хурлын гишүүн асан А.Амундра, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхээр болж, уг асуудлыг Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)- гоороо шийдүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг ХЕХ нь баталгаажуулна. Тэгвэл тус хороо хэзээ хуралдах тухай тодорхой тов гараагүй аж. Харин энэ бүхнийг “хэлмэгдүүлэлт” хэмээн үзэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрөө өрсөж, өргөдлөө өгөхөөр шийдсэн тухай мэдээлэл гарав. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа ч түүнийг огцруулахаар 70 гаруй гишүүн нэгдсэнийг мэдмэгцээ түрүүлж чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв. Энэ удаа ч мөн “хөөгдөх”-өөсөө өмнө түрүүлж МАН-ыг “хаях” бололтой.
МАН-ын ХЕХ даргынхаа шийдвэрийг албажуулсны дараа парламент намгүй, сул хоёр гишүүнтэй болох нь. Нэр дэвшиж сонгогдсон намынхаа гишүүнээс түдгэлзсэн ч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр байх юм.
С.Уул