Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй, УИХын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл дэмжихээ илэрхийллээ. Тус зөвлөлийн дарга Г.Ганбат “Өнөөгийн парламентад гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүмүүс нийгмийн шударга ёс, ёс зүй яриад сууж байна. УИХ-ын 20 орчим гишүүн “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банк”, “Ногоон автобус”-ны зэрэг хэрэгт холбогдсон. Мөн сонгуулийн тухай хууль зөрчиж гадаадын хуулийн этгээдээс хандив авсан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон. Гэтэл тэдгээр гишүүн өдгөө юу ч болоогүй мэт хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа. Авлигын индексийн чухал шалгуурт төрийн нэр хүнд, хуулийн өмнөх тэгш байдал, улс төрийн манлайлал шууд холбогддог тул уг хуулийг баталснаар нийгэмд томоохон эерэг үр дүн авчрах боломжтой” гэсэн юм.
Мөн тус зөвлөлийнхөн эл хуулийн төслийг баталснаар иргэн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх боломж бүрдэж, улс төрийн соёл төлөвшихөөс гадна төрийн дотоод болон гадаад нэр хүнд өснө гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох механизмыг сайжруулахад олон нийтийн хяналт чухал болохыг сануулав.
У.Сүрэн