Засгийн газраас дэвшүүлсэн агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах зорилтот хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, нийлүүлэлт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд эхний ээлжид онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчид зориулсан “Gas safety-2026” хийн ажиллагааны сургалтыг өчигдөр АМГТГ, Сөүл хотын Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулжээ. Уг сургалт нь хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах зорилготой бөгөөд үе шаттайгаар зохион байгуулагдах аж. Дээрх төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэх бол сургалт нь энэ сарын 12-ыг хүртэл үргэлжилнэ.
С.Цэрэн