Дархан-Уул аймагт энэ сарын 2-нд дөрвөн настай хүүхэд менинкокитийн халдвараар өвчилжээ. Мөн 3-нд Ховд аймгийн Жаргалант сумд уг өвчний нэг тохиолдол батлагдсан байна. Үүний дагуу эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй өвчин юм. Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг анхаарууллаа. Тодруулбал, хүүхэд өндөр халуурах, бөөлжих, уйламтгай болох, хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох, нойрмоглох, таталт өгөх, гар хөл хүйтэн болох, мөн арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралтууд гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв уг шинж тэмдгээс нэг болон хэд хэд нь илэрвэл яаралтай, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад хандах, эсвэл түргэн тусламж дуудахыг зөвлөлөө.
П.Дайриймаа