Улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвт тусгай үзэсгэлэнгүүдээ дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.
“ЗӨВХӨН УНШИХ БИШ, БОДИТООР ХАРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА”
“Музейн нээлттэй өдрүүд”-ийн өнгө төрхийг тольдохоор “Чингис хаан” үндэсний музейг уржигдар 11.00 цагийн орчимд зорин очлоо. Тус музейн авто зогсоол хэдийн дүүрч, хөл хөдөлгөөн ихэссэн байв. Музейн гаднах явган хүний гарцаар хоёр, гурваараа хөтлөлцөн, хөгжилтэй нь аргагүй алхах сурагчдын цуваа тасрахгүй байгаа нь тэдний очих газар нэг гэдгийг илтгэх шиг. Нийт 12 мянга орчим ховор үзмэрээр монголчуудын түүх, соёлыг эд, эс бү рээр нь хүүрнэх тус музейн хаалгыг татан ороход танхим дүүрэн үндэсний дээл хувцсаараа гоёсон багачууд бужигналдах нь орчныг улам гэгээлэг болгож байлаа. Мэдээж тэднийг өнгөрсөн, одоо үеийн түүхийн жимээр аялуулах хамгийн чухал хүн бол музейн тайлбарлагч. Тайлбарлагчийн хувьд хүүхдүүдийн анхаарлыг хэрхэн татаж, яаж ойлголцох талаар ихэд туршлагатай нэгэн байв. Тухайлбал, жишээ татах, таавар таалгах, хүүхдүүдийн үзэл бодлыг сонсох зэргээр аль болох хөгжилтэй байдлаар тайлбарлаж байлаа. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн багш С.Түвшинжаргал “Музейн нээлттэй өдрүүдийг хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болгон сургуулийн бүх хүүхдийг хамруулахаар болсон. Өнөөдрийн хувьд наймдугаар ангийн хүүхдүүдээ дагуулан үзэж байна. Сургуулийн үйл ажиллагаа гэдэг утгаараа музейтэй тохиролцож, цагийн дараалал тай, тайлбарлагчтайгаар ээлжлэн үйлчлүүлж байна. Ялангуяа AR технологи ашиглан үзмэрүүдийг амилуулж, түүхэн үйл явдлыг хөдөлгөөнтэйгөөр харуулсан нь тэдний сонирхлыг ихэд татлаа. Энэ нь түүхийг зөвхөн унших биш, бодитоор харах боломж олгож байна” гэсэн юм.
НИЙТ ҮЗМЭРИЙНХЭЭ ЕРДӨӨ 10 ХУВИЙГ НЬ ДЭЛГЭДЭГ
Үүний дараа Монголын үндэсний музейг зорилоо. Үзмэр бүрийн ард өрнөх хүүхдийн сониуч асуулт, хөгжүүн яриа нь музейн уламжлалт дүнсгэр байдлыг эвдэж, орчныг илүү нээлттэй, халуун дулаан болгож байлаа. Мөн эцэг, эхчүүд ч сүүлийн үед цэцэрлэгийн насны бяцхан үрсээ хөтлөн ирэх нь эрс нэмэгдэж, шавь нартаа үндэсний өв соёлоо таниулах гэсэн багш нарын цуваа ч тасрахгүй байгааг музейн ажилтнууд онцоллоо. Түүхийн жимээр аялахдаа гайхаж биширсэн харцаар нэг нэгэн рүүгээ ширтэх хүүхдүүдийн тэрхүү гэнэн цагаан төрхөөс эх түүхээрээ бахархах сэтгэл соёолж буйг мэдэрч болохоор тийм л дулаахан байв.
Энэхүү хөл хөдөлгөөний дундуур бид музейн тайлбарлагчтай цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Зуны улиралд жуулчдын хөл тасардаггүй бол нээлттэй өдрүүдээр дотоодын үзэгчид маань маш идэвхтэй оролцдог. Ердийн өдрүүдэд оюутан, сурагчид харьцангуй цөөн ч ахмадууд болон жуулчид зочлох нь элбэг. Тухайлбал, өчигдөр 3100 гаруй үзэгч хүлээн авсан бол өнөөдөр буюу энэ сарын 4-ний байдлаар энэ тоо 3500-д хүрлээ” гэсэн юм. Тус музейн сан хөмрөгт 60 мянга гаруй үзмэр хадгалагддаг ч тэдгээрийн ердөө 10 хувийг нь байнгын үзэсгэлэнгийн есөн танхимд дэлгэдэг аж. Харин үлдсэн арвин баялаг өв соёлыг тусгай болон түр үзэсгэлэнгүүдээр дамжуулан үзэгч дийн хүртээл болгодог байна. Үүний нэг жишээ нь энэ сарын 1-нд тохиосон Эх орончдын өдөрт зориулсан тусгай үзэсгэлэн байв.
Үндэсний музейн хөл хөдөлгөөнөөс холдож, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн босгыг давахад огт өөр ертөнц угтах нь тэр. Эндхийн уур амьсгал цаанаа л нэг намуун, аниргүй бөгөөд хүүхэд, залуусаас илүүтэй ахмад настнууд, уран зураг, дүрслэх урлагийн нарийн хийцийг шимтэн сонирхогчид тухлан саатсан харагдана. Дүрслэх урлагийн музейн энэхүү намуун орчин нь үзэгчдэд бүтээл бүрийг гүн гүнзгий мэдэрч, түүхэн цаг хугацаагаар аялах таатай нөхцөлийг бүрдүүлж байлаа. Тус музейн тайлбарлагч “Манай музей хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэзээд нээлттэй бөгөөд бүх өдөр үнэ төлбөргүй үйлчилдэг. Харин нээлттэй өдрүүдийн ачаар залуус маань урлагийн бүтээлүүдтэй танилцахаар олноор ирэх болсон. Жирийн өдрүүдэд тасалбарын үнэ том хүн 10 000 төгрөг, оюутан 3000 төгрөгийн үнэтэй байдаг. Музей бол өнгөрснөө дурсаж, ирээдүйн тухай бодож тунгаах орон зай юм. Тэнд хадгалж буй дурсгал бүр монголчууд бидний түүх, соёл, үнэт зүйлийн чимээгүй гэрч болж үлддэг. Харин тэрхүү чимээгүй гэрчүүдийг сонсох, ойлгох боломжийг “Музейн нээлттэй өдрүүд” олон нийтэд дахин сануулж, түүхийн жимээр хамтдаа алхах үүд хаалгыг ийн нээж байна” гэсэн юм.
Харин нэгэн иргэн “Би өмнө ньмузейгээр тэр бүр үйлчлүүлдэггүй байлаа. Харин энэ удаагийн боломжийг ашиглаад нийслэлийнхээ томоохон музейнүүдээр орохоор шийдсэн юм. Өчигдрөөс хойш дөрөв дэх музейгээ үзэж байна. Саяхан үзсэн “Чингис хаан” үндэсний музейн дотоод тохижилт үнэхээр сүрлэг, бусдаас онцгой санагдлаа” гэв.

ОЛОНХ НЬ СУРАГЧИД
Бидний дараагийн зогсоол бол Театрын музей. Гурван давхар дамнан байрлах зургаан танхимд кино урлаг болон театрын түүхийг өгүүлэх ховор нандин үзмэрүүдийг жагсаажээ. “Музейн нээлттэй өдрүүд”-ээр зочдын хөл тасралгүй, зөвхөн нэг өдрийн дотор л гэхэд 200 гаруй үзэгч түүхэн дурсгалуудтай танилцсан бөгөөд үзэгчдийн дийлэнх хувийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байгаа аж. Тус музейн тасалбарын үнэ ердийн үед 30005000 төгрөг буюу бусад музейтэй харьцуулахад маш хямд. Гэхдээ “Музейн нээлттэй өдрүүд” шиг нэгдсэн арга хэмжээнүүд тийш зорих иргэдийн урсгалыг эрс идэвхжүүлэх хүчтэй хөшүүрэг болдог гэнэ. Ерөөс музей үзэх нь зөвхөн шилэн хоргоны цаадах хуучны эд зүйлсийг хараад өнгөрөхийн нэр биш юм. Харин бид хэн байсан, ямар зам туулж ирсэн, цаашид хэн болох тухай өөртөө тавих асуултын хариуг эрэн хайх аялал аж. Түүхийн нэгэн жижигхэн “хэлтэрхий” ч хүний сэтгэлд эх орноороо бахархах мэдрэмжийг төрүүлж, өнгөрсөн үеийн сургамжийг эргэн сануулах чадалтайг судлаачид онцолдог. Энэ утгаараа “Музейн нээлттэй өдрүүд” бол зөвхөн үзвэр, үйлчилгээний арга хэмжээ бус, иргэдийг түүх соёлтой нь ойртуулж, үндэсний дархлааг бэхжүүлэх соёлын томоохон хөдөлгөөн гэж хэлж болно. Ялангуяа хүүхэд, залууст түүхийг зөвхөн сурах бичгийн хуудаснаас биш, бодит дурсгал, үзмэрүүдээр дамжуулан танин мэдэх боломж олгож буй нь сайшаалтай. Нөгөөтээгүүр, жил ирэх тусам нэмэгдэх үзэгчдийн энэхүү урсгал нь иргэд зөвхөн үзвэр үзэх бус, үндэсний ижилсэл, түүх соёлынхоо гүн рүү өнгийх эрэлт хэрэгцээ нь цаг хугацааны эрхээр улам бүр өсөн нэмэгдэж байгаагийн бодит илэрхийлэл юм. Тиймээс музейнүүдийн үйл ажиллагааг зөвхөн тодорхой өдрүүдээр хязгаарлах бус, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уян хатан болгох, хүүхэд залуусыг татах орчин үеийн технологи, танин мэдэхүйн хөтөлбөрийг илүү өргөжүүлэх шаардлага ч дагаад бий болж буйг иргэд онцолж байна.
Э.Сүйлэн