Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой “Амьтан, ургамлын улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлүүлээд буй билээ. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо уг эмхэтгэл бодлогын суурь баримт болдог. Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс дээрх улаан дансанд бүртгэлтэй амьтан, ургамлын овог, төрөл, зүйлийн судалгааг цувралаар танилцуулж байна. Одоогийн байдлаар Монгол орны ургамлын аймагт нийт 497 овогт хамаарах 1723 төрлийн 7620 зүйл гуурст болон гуурсгүй ургамал бүртгэгдээд байгаа аж. Үүнд 631 зүйл дээд мөөг, 2289 зүйл замаг, 1079 зүйл хаг, 580 зүйл хөвд, 3041 зүйл гуурст ургамал багтжээ. Эдгээрээс 133 зүйл нь нэн ховор, 356 зүйл нь ховор, 102 зүйл нь зөвхөн Монгол оронд ургадаг эндемик ургамал гэнэ. Үүний 186 зүйл нь усны, 82 зүйл нь үлдвэр, 1000 гаруй зүйл нь эмийн, 70 орчим нь үнэрт ургамал хэмээв. Тэгвэл амьтны аймагт 144 зүйл хөхтөн, 519 зүйл шувуу, 78 зүйл загас, зургаан зүйл хоёр нутагтан, 22 зүйл мөлхөгч, 13 000 гаруй шавж тус тус бүртгэгджээ. Эдгээрээс тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрч устах аюулд өртсөн 31 зүйл нэн ховор, 76 зүйлийн ховор амьтныг жагсаалтад оруулжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр энэ онд 76 зүйл загас, долоон зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгч, 141 зүйл хөхтөн амьтдын Улаан дансны үнэлгээг шинэчлэн боловсруулснаа хэллээ.