Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага болон ХЭҮК, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Эл уулзалтын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээл”, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагын кейс менежер Ц.Баасаннямбуу “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн статистик ба урьдчилан сэргийлэх арга зам”, сэтгэл зүйч П.Энхчимэг “Бэлгийн хүчирхийллийн даван туулаг чийн мэдээллийг сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар олон нийтэд мэдээлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж мэдээлэл өгсөн юм. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх ойлголт, хандлага, зан үйлийн судалгааны үр дүнг танилцуулав. Тэрбээр “Судалгаанд оролцсон зургаан хүн тутмын нэг нь бэлгийн дарамтыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байсан. Ажлын байрны бэлгийн дарамтыг эмэгтэй хүний хувцаслалт, зан үйл, ааль авираас хамааруулан ойлгох хандлага манай нийгэмд зонхилж байна. Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 25 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ. ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол, мэдээлэл 2024 онд 11, 2025 онд 10 удаа ирсэн” гэсэн юм.
У.Сүрэн