Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарах тул цас ихтэй Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ сарын 7-нд гаргасан шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 37.5 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн үзүүлэлттэй байгаа аж. Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор нийслэл хотод халиа, тошин үүссэн байршлуудад дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, нийт 100 хүний бүрэлдэхүүнтэй баг гарчээ. Тэд айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган хүний зам, талбайд ус халихаас сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудад хорогдсон малынхаа сэг зэмийг яаралтай цуглуулах, устгах ажлыг зохион байгуулахыг санууллаа. Мал, амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ундны усыг бохирдуулах, өвчин эмгэг тараах эрсдэлтэй тул зохих арга хэмжээг цаг алдалгүй авч, цэвэрлэгээ, устгал хийх шаардлагатай юм.
П.Дайриймаа