Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд уржигдар зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь 20 дахь жилдээ болсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүддээ талархал илэрхийлж, баярын мэнд чилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжилсан. Түүний мэндчилгээнд “Одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр Төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ. Та бүхний энгэрт гялалзаж байгаа Эхийн алдар одон хамгийн хүндтэй, эрхэм дээд шагнал юм шүү” хэмээгээд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар Ази тивийн анхны дэвшилтэт, ард чилсан үзэлтэй улс болсныг онцолсон юм. Мөн сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг, оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтуудыг эх орондоо тогтмол зохион байгуулж буйг дурдсан. Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал,2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан билээ.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД БУЦАЖ ОРОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Нийслэл, 21 аймгийн 1000 ээж чуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцлолоо. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрын тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд хүү хэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрын баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж буйгаа уламжлав. 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг, эхийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж буйг дуулгасан юм.
ДУНДАЖ ЦАЛИН ЭРЧҮҮДИЙНХЭЭС 19 ХУВИАР БАГА ХЭВЭЭР
Жендерийн үндэсний хорооны энэ оны анхны хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Монгол Улсын жендерийн үзүүлэлт сүү лийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг хурлын үеэр онцолсон. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85-д байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт орж байна. Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдийнхээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоныг онцолсон юм. Манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага хэвээр байна. Жендерийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг зөвлөлийн гишүүд хэлэв. Тухайлбал, бакалаврын түвшний сургалтын нийт оюутны ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хү мүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбарт эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТУСЛАМЖ АВСАН 1300 ХҮНИЙ 936 НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” 24 цагаар ажилладаг. Өнгөрсөн онд 1300 гаруй хүн тусламж, үйлчилгээ авсны 936 нь эмэгтэйчүүд, 200 гаруй нь хүүхэд байгааг тус төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг хэлэв. Мөн осол гэмтлийн улмаас 2025 онд 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Үүний 90 мянга гаруй буюу 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж. Эмэгтэйчүүдийн осол, гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт уналт оржээ. Өөрөөр хэлбэл, нийт осол гэмтлийн 48.2 хувийг уналт эзэлж байгаа бол 16.6 хувь нь амьгүй механик хүчинд өртсөний улмаас байжээ. Үүний дараа зам, тээврийн осол, хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн тохиолдол орж байна. Ташрамд, “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал өчигдөр Тусгаар тогтнолын талбайд болов. Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний гуравны нэг нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүр дэлхийн олон оронд эл жагсаалыг зохион байгуулдаг юм. Харин манайд “Хөөрхөн зүрхтнүүдийн аян” ТББ-аас дөрөв дэх жилдээ зохион байгуулсан жагсаалд 100 орчим эмэгтэй оролцжээ.
Ч.Болор