Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, өчигдөр шилдгүүдийг шалгаруулав. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилготой уг уралдаанд 44 нийтлэл “уралджээ”. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад оролцогчийн тоо хоёр дахин нэмэгдсэн энэхүү уралдааны тэргүүн байрыг Монголын баримт шалгагч төвийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь “90 мянган долларын манипуляц” нийтлэлээр хүртсэн бол хоёрдугаар байрт “Үндэсний тойм” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно” нийтлэлээрээ шалгарав.
.Сувдмаа “Хуульгүй томилгоо” нийтлэлээрээ гутгаар байр эзэлсэн юм. Тэрбээр “Хуульгүй томилгоо” нийтлэлдээ Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад хийж буй томилгооны талаар хөнджээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар нь 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль баримталж, 2019 оноос хойш төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилсоор ирсэн нь Үндсэн хуульд нийцгүй, бусад хууль тогтоомжид харшилсан шийдвэр болж буй талаар тусгасан байна. Улмаар төрийн өмчит компанийн үйл ажилллагаа доголдох тоолонд БЭТ томилж, хариуцлагыг нэг хүнд үүрүүлсээр байх уу, эсвэл хууль, эрх зүйд нийцүүлэн компанийн засаглалыг сайжруулах алхмыг хийх нь чухал уу гэдэг асуудлыг хөндөж, шийдэл дэвшүүлжээ. Мөн “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Л.Ганчимэгийн “Шоовдор хүмүүс: Тоомжиргүй төр, торгуулиар тэлсэн төсөв”, сэтгүүлч, тоймч О.Бат-Ундрахын “Төрөлтийн муруй доошилж, “5 сая”-ын амбиц алсрав” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан бүтээлээр нэрлэгдсэн юм.
“Unlimited media group”-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар “Сэтгүүлчид тэр тусмаа залуу сэтгүүлчид дата дээр их ажилладаг болсон байна. Гэвч сэтгүүлчдийн бүтээл нэг хэв загварт зангилагдаж байгаа нь анзаарагдлаа. Энэ нь сэтгүүлчийн ур чадвартай холбоотой юм. Нийтлэлүүдийн дата, сэдэв нь өөр хэрнээ бичлэгийн арга барил нь нэг хэв загварт байгаа нь олон бүтээлд ажиглагдсан. Г.Отгонбаяр сэтгүүлч ур чадвараараа бусад сэтгүүлчээс ялгардаг байсан. Зөвхөн дата цуглуулаад тэрийгээ тухайн үеийн улс төр, эдийн засагтай холбоод бичлээ гээд сэтгүүл зүйн сайн бүтээл болж чадахгүй. Одоо үед мэдээлэл цуглуулахад маш том боломжтой болсон. Харин түүнийгээ урлаж, хүн бүхэнд анзаарагдах, уншигдаж чадахаар болгох хэрэгтэй” гэв. Харин МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал “Өнгөрсөн жил сэтгүүлчид засаглалын асуудлыг түлхүү хөндсөн бол энэ жил улс төр, эдийн засаг зэрэг нийгэмд яригдсан халуун сэдвүүдээр бичсэн байна” гэв.
Ч.Болор