Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдрөөс энэ сарын 13-нд хүртэл “Investment and trade agency week” арга хэмжээ эхлүүллээ. Үүний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна. Тус арга хэмжээг нээж, “Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, Шадар сайд Т.Доржханд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар үг хэлэв. С.Даваасүрэн “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого, эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангах, мөн хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой” хэмээн онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрсэн зэрэг эдийн засгийн үзүүлэлтийг дурдлаа. Аж үйлдвэржилт, хүн амын өсөлт, хотжилт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7-8 хувиар өсөж байгаа ч эх үүсвэрийн хүчин чадал бага, дэд бүтэц хязгаарлагдмал байгаа юм. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий, эрчим хүчний 16 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй, таван төслийг нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх гэнэ. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр манай суурилагдсан хүчин чадал 2030 онд 2100 МВт-д хүрч, эрчим хүчний импортын хамаарлыг 40 хүртэлх хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс хэрэглээнийхээ 25 хүртэлх хувийг хангахаар тооцжээ. Тиймээс хувийн хэвшлийн оролцоог хангаж, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчдыг эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг ЭЗХЯнаас уриаллаа.
С.Цэрэн