“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, цахимаар хуралдлаа. Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг танилцуулав. Тухайлбал, журмын 1.3-т “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ. Мөн эргүүлийг хичээлийн өглөөний ээлж (07.30-13.30), өдрийн ээлж (13.30-19.30) цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв. Дээрх журмын өөрчлөлтийг нийслэлийн ИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн гишүүд дэмжлээ.
Ч.Болор