“New York times” сонины мэдээлснээр Ираны дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий Шинжээчдийн зөвлөл өөрийн шийдвэрийг мэдээлэхэд хэдэн өдрийн өмнө бэлэн байсан ч талийгаачийн хүүг АНУ, Израилын цохилтын бас нэг бай болгочхоос болгоомжилсон байна. Можтаба Хаменей бүр 2000-аад онд л эцгээ залгамжлах боломжтой хүн гэгдэж, түүнийг дээд удирдагчид хамгийн ойр хүмүүсийн нэг хэмээн мэдээллийн хэрэгслүүд үзэж байжээ. Тэгвэл энэ хүүг нь Ираны дээд удирдагчаар сонгосныг манай сонин гадаадын эх сурвалжаас эш татан нэгэнт товч мэдээлсэн билээ.
Можтаба Хаменей нь 1969 онд төрсөн, аятоллагийн хоёр дахь хүү юм байна. Али Хаменей Батлан хамгаалахын дэд сайдын алба хаших болсноор 1979 онд эдний гэр бүл Тегеран хотод шилжиж иржээ. Можтаба Хаменей 1987 онд дунд сургууль төгсөөд Ирактай хийсэн дайны сүүлийн хоёр жилд цэргийн алба хаасан байна. Чухам энэ үедээ тэрбээр Исламын хувьсгалыг хамгаалах корпустай ойртсон аж. Исламын хувьсгалын удирдагч аятолла Рухолла Хоменей 1989 онд өөд болсны дараа Али Хаменей Ираны дээд удирдагч болов. Тэр үед Можтаба шашны боловсролтой болж цаашид суралцахаар 1999 онд шийтүүдийн шашны төвүүдийн нэг Куми хотыг зорив. Можтаба 2004- 2008 онд Ираны парламентын тэргүүн байсан хүний охинтой 2000-аад онд гэрлэжээ.
Тэд 2007 онд хүүтэй болсон байна. Нэг мэдээнд эднийхийг гурван хүүхэдтэй гэсэн байна лээ. Харамсалтай нь, одоо үргэлжилж буй дайны эхний өдөр буюу хоёрдугааар сарын 28-нд Можтабагийн гэргий, хүүхэд нь, эцэг, эхтэй нь хамт алагдсан гэж Ираны эрх баригчид мэдээлсэн байна. Тухайн үед Можтаба өөрөө Тегеранд байсангүй. Можтаба Хаменей өмнө нь Засгийн газарт албан ёсны ажил эрхэлж байгаагүй ч Иранд Ерөнхийлөгчийн сонгуулиуд болж байсан 2005-2009 онд түүний нэр улс төрийн мэдээнд байнга дурдагдаж байжээ. 2005, 2009 онд сонгуульд ялж Ерөнхийлөгч болж байсан консерватор Махмуд Ахмадинежадын ойрын холбоотон гэж Можтабаг үздэг, Ахмадинежадын ялалтад түүнийг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ч гэлцдэг юм билээ. 2009 оны сонгуулийн дараа эсэргүүцэл тэмцлийг харгис хэрцгийгээр дарахад Можтабаг оролцож, Исламын хувьсгалыг хамгаалах корпустай холбоотой цэргэжсэн бүлэглэлийг үнэн хэрэгтээ удирдсан гэдэг. Можтаба Хаменей 2019 оноос АНУ-ын хоригт орсон байдаг. Гэлээ ч “Bloomberg”-д бичсэнээс үзвэл тэрбээр Персийн булангийн хөлөг онгоцноос эхлээд Британид тансаг ангиллын үл хөдлөх хөрөнгө хүртэл аварга том санхүүгийн эзэнт улс байгуулж чадсан байна. Тэгэхдээ энэ хөрөнгө Можтабад биш Ираны бизнесмен Али Ансарид харьяалагддаг бөгөөд Можтабатай хэлхээ холбоотойгоо энэ бизнес эрхлэгч үгүйсгэдэг аж. Можтабад ойр улс төрч Абдолреза Давари хэрэв хүүг нь аятоллагийн суурийг залгамжлуулчихвал Саудын Арабын ханхүү Мухаммед ибн Салманы өрөөсөн болно гэж нэг бус удаа хэлж байжээ. Хатуу чиг шугам баримтлагчдын зүг рүү хазайх болно гэж тэрбээр дайн эхлэхийн өмнөхөн Можтабагийн талаар хэлсэн байх юм. Ираны шинжээч Мехди Рахмати “Можтабаг сонгосон нь одоо хамгийн ухаалаг шийдвэр, учир нь тэр хүчнийнхэн хийгээд цэргийнхний удирдлага, зохицуулалтыг сайн мэднэ” гэж үзсэн байна.
Хүү Хаменейн эсрэг тавьж буй нэг гол зүйл нь эрх мэдлийг өв залгамжлалын дагуу шилжүүлэх явдал юм. Гэтэл энэ нь 1979 оны Исламын хувьсгалын дараа Иран улс татгалзах болсон шахын засаглалтай холбоотойгоор Ираны удирдлагын хувьд сөрөг бодол төрдөг шалтгаан болоод байгаа юм. Исламын хувьсгалын үеэр түүнийг удирдсан Рухолла Хомейнигийн хүү Ахмадыг эцгээ залгамжлах хүмүүсийн нэг гэж үзэж байсан ч эцэст нь Али Хаменей дээд удирдагч болсон. Гэтэл Ахмад Хомейни ч 1995 онд зүрхний өвчнөөр өөд болов. Үүнийг зарим хүн сэжигтэй гэж үздэг, тухайлбал, сэтгүүлч Эмадеддин Баги түүнийг бусдад алагдсан гэж бичиж байв. Али Хаменейг алагдсаны дараа Ахмадын хүү ч дээд удирдагч болох боломжтой гэж тооцож байлаа. Ахмадыг Можтабагаас илүү эрс үзэлтэй гэдэг юм байна. Али Хаменей ч амьд байхдаа 2024 онд шинжээчдийн зөвлөл хуралдаж, залгамжлагчийн тухай асуудал хэлэлцэхэд Хаменей өөрөө хүүгээ түүнд оролцуулаагүй гэдэг. 56 настай Можтаба Хаменей эцгээ бодвол нэлээд эрс шулуун үзэл бодолтой хүн гэгддэг байна. Иранд либерал реформ өрнүүлж, цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлсэн зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг тэрбээр дэмждэг байв. Исламын хувьсгалыг хамгаалах корпусын эгнээнд 2009 онд орсон байна. Можтаба ер төрийн алба хашаагүй, олон нийтийн анхаарлын төвд байхаасаа жийрхдэг, ер нь Ираны эрх баригчид болон Исламын хувьсгалыг хамгаалагч корпус хоёрын хооронд далдаас зуучлагчийн үүрэг л гүйцэтгэж ирсэн байна.
Эцгээсээ ялгаатай нь Можтаба бурхны шашны номлогч биш, бас ямар нэг том хэргэмгүй байв. Ираны Үндсэн хуульд зааснаар дээд удирдагч нь шашны өндөр дээд нэр төртэй, ислам шашны эрхийн гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Можтаба Хаменей харин энэ шалгуурт тохирохгүй нэгэн аж. Албан ёсоор төрийн албанд ер зүтгээгүй ч Ираны улс төрийн тогтолцоонд Можтаба Хаменей удаан хугацаанд нөлөө бүхий хүн гэгдсээр ирсэн нэгэн. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд сөрөг хүчний эх сурвалжууд түүнийг дотоод, гадаад улс төрийн бодлого тодорхойлох эцгийнхээ итгэмжит хүн гэж тодорхойлдог байв. Харин нэгэн үед ихэд дотно явсан Ахмадинежад нь түүнийг улсын хөрөнгөөс завшсан хэмээн 2013 онд буруутгасан нь Ираны улс төрийн томчуудын харилцаанд нарийн ширийн төвөг бэрхшээл байсныг гэрчилдэг байна. Ерөнхийлөгч асан Ибрахим Раисиг 2024 оны тавдугаар сард амьсгал хураасны дараа залгамжлагчийн тухай яриа дахин сэргэхэд Можтаба Исламын хувьсгалыг хамгаалагч корпусын дэмжлэг хүлээсэн боломжийн хүн хэмээгдэн дахиад л анхаарлын төвд орж ирж байв. Ер нь 2010 оноос л түүнийг эцгээ залгамжлах боломжтой хүн гэж үзэж байсан ч 2024 онд эцэг Али Хаменей нь тийм хүмүүсийн тоонд хүүгээ оруулахаас татгалзсан нь шашны болон улс төрийн удирдлагын хооронд зөрчил үүсгэхээс болгоомжилсонтой нь холбоотой байсан юм билээ. Дээр өгүүлснээс гадна Можтабад санхүүгийн эх үүсвэрүүд байдаг нь Герман, Испани дахь зочид буудлын бизнес, Британи, Швейцар, Лихтенштейн, Арабын Нэгдсэн Эмиратын банкан дахь хадгаламж, крипто валют, тодорхой бус сувгаар орж ирдэг Ираны нефтийг арилжиж олдог орлого юм байна. Америкийн Сангийн яам Можтабаг тусгай зориулалтын “Аль-Куус” хүчний командлагч болон бусадтай ойр дотно холбоотойг мэдэгдээд 4.5 тэрбум ам.долларт нь хориг тавьсан байдаг. Жон Хопкинсын их сургуулийн Ираны асуудлаархи шинжээч Вали Наср “The New York times” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа Можтабаг дээд удирдагчаар сонгосноор Исламын хувьсгалыг хамгаалагч корпусын нэлээд хатуу чиг шугамтай жигүүрийн нөлөөг нэ мэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Оросын Дорнод судлаач Владимир Сажин ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байх юм. Тэрбээр “Взгляд” сонины сэтгүүлчтэй ярилцахдаа Можтабаг сонгосон тухай мэдээлэл нотлогдвол Иранд “Аядуу эргэлт гарчээ” гэж хэлж болох бөгөөд Корпус “улс төр, эдийн засаг, цэргийн эрх мэдлийн дээд хөшүүргийг гартаа авна гэсэн үг” хэмээн хэлжээ. Бодлогыг Исламын хувьсгалыг хамгаалах корпусын эрс шийдмэг хүчин тодорхойлно гэж нэмж хэлсэн байна. Энэ корпусын эрх мэдэл асар их, эдийн засаг, санхүүгийн урсгалын 25-30 хувийг хянаж байдаг аж. Түүнээс гадна цэргийн маш хүчирхэг тогтолцоо юм байна. Можтабаг эцгээ залгамжлан дээд удирдагч болгох шийдвэрийг шийтийн шашны 88 төлөөлөгчөөс бүрдсэн шинжээчдийн зөвлөл гаргажээ.
Можтаба Хаменейг төвөгтэй хувь тавилан хүлээж байгаагийн дотор аминд нь учрах аюул ч байгаа юм. Тухайлбал, Али Хаменейн суудалд хэнбугай ч суусан бидний устгах бай байх болно гэж Израилын Батлан хамгаалахын сайд хэлсэн байна лээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч шаардлагатай бол Иранд эхлүүлсэн цэргийн ажиллагааг ямар ч хугацаагаар үргэлжлүүлэхэд хүрэлцэх зэвсэг, техникийн нөөц бидэнд бий гэж бас мэдэгдээд байгаа. Ираны дээд удирдагчийг насаар нь сонгодог бөгөөд амиа алдсан Али Хаменей 1989 оноос Ираныг удирдаж байжээ. Ташрамд тэмдэглэхэд, дээд удирдагчид өрсөлдөх өөр нэг хүн байсан нь Исламын хувьсгалын удирдагч асан Рухолла Хомейнийн ач хүү Хассан Хомейни гэгч аж.
Р.Жаргалант