Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ хавар агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Агаарын дундаж температур IV, V, VI сард ихэнх нутгаар дулаан байх төлөв гарчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сард Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх аж. Харин хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг болон Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур тавдугаар сард БаянӨлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх гэнэ. Хаврын саруудад салхины хурд ширүүсэж, шороон шуурганы давтамж нэмэгдэх төлөвтэй байна. Мөн агаар огцом дулаарснаас үүдэн хуурайшилт эрчимжиж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Иймд малчид болон иргэд мал бэлчээх хугацаагаа цаг агаарын нөхцөлд тохируулан, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал төллөх хашаа хороогоо бэлтгэх зэргээр болзошгүй гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулахыг зөвлөсөн юм.
Э.Сондор