БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөсрөлтийг хазаарлах, гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөг зохицуулах зорилгоор орон сууц худалдан авах нөхцөлийг чангатгаснаа мэдээллээ. Сөүл болон дагуул хотуудын байрны ханш сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн нь бодлого боловсруулагчдын анхаарлыг татах болов. Тухайлбал, зарим судалгаагаар харь улсын иргэдийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн хэмжээ жил ирэх тусам олширч, ялангуяа нийслэлийн бүсэд төвлөрөх хандлагатай гэнэ. Үүнтэй холбоотойгоор төрөөс зах зээлийг тогтворжуулах, үнийн огцом өсөлтийг хязгаарлах, ашиг хайсан худалдааг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлсэн нь энэ аж. Шинэ журам тус улсын нийслэл болон Кёнги мужийн зарим хэсгийг хамарч буй бөгөөд дээрх бүсэд үл хөдлөх хөрөнгө авах гадаадын иргэд эхлээд орон нутгийн засаг захиргаанаас албан ёсны зөвшөөрөл хүсэх шаардлагатай юм байна. Ингэхдээ авах гэж буй объектын зориулалт, ашиглах төлөвлөгөө болон санхүүгийн эх үүсвэрээ тодорхой тайлагнах ёстой бөгөөд зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа л гэрээгээ баталгаажуулах боломж бүрдэх юм. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлснээр эрх бүхий байгууллагууд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хяналт, шалгалтаа эрчимжүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоо бүрдэхээрээ давуу талтай аж. Тухайлбал, зөвшөөрөлгүйгээр газар, орон сууц худалдан авах, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах зэрэг зөрчил илрүүлбэл гэрээг хүчингүй болгож, торгууль ногдуулах зэргээр хариуцлага тооцох юм байна.
У.Сүрэн