Байгаль орчны улсын хяналтын газраас Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 2-8-нд ажиллаж, өнгөрсөн оны хяналт шалгалтын үр дүн, үнэлгээнд үзлэг хийж, холбогдох журмын хэрэгжилтийг дүгнэжээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг дахь Дарьгангын байгалийн цогцолбор газар, Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, ширгэлтээс сэргийлэх, усны урсац, тэжээлийг нэмэгдүүлэх төслийн үйл явцтай танилцсан байна. Мөн Салбарын улсын ерөнхий байцаагчийн энэ оны удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эдгээр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ус, рашаан ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийж, хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдүүлэх, мэргэжил, арга зүйн болон зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмж өгчээ. Түүнчлэн Хэнтий аймгийн хэмжээнд Гутайн даваа-Хөмүүл голын эхийн болон Онон-Балжийн хамгаалалтын захиргаадын 2025, 2026 онд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын мэдээллийг шүүхэд эдгээр голын голдирлыг өөрчилсөн, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийгээгүй гэх мэт зөрчил илрүүлжээ. Иймд орон нутгийн байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, Онон-Улз голын сав, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн хамгаалалтын захиргааны байршлыг өөрчлөхөөр тогтсон байна.