Непалд парламентын сонгууль болж Төлөөлөгчдийн танхимын 275 гишүүнээ сонголоо. Үндэсний тусгаар тогтнолын нам сонгуульд илт давуу байдлаар ялж таван сая орчим хүний санал аван мандатын 48 хувь буюу 180 суудалтай болсон байна. Нийслэл Катманду хотын захирагч асан 35 настай Балендра Шах (Бален ч гэдэг) Засгийн газрыг тэргүүлэх нь нэгэнт тодорхой боллоо.
Үндэсний тусгаар тогтнолын нам үүсэн байгуулагдаад гурван жил хагас болж буй аж. Энэ намҮндсэн хуулийн ардчилал, эдийн засгийн либерализмыг үзэл номлолоо болгодог. Авлигыг эрс эсэргүүцэж, уламжлалт намуудын хүнд суртлын эсрэг тэмцдэг. Чухам ийм уриатайгаар 2025 оны есдүгээр сарын хувьсгалыг хийжээ. Коммунистууд бут цохиулсан. Тэд Непалын парламентын тогтолцооны дүрмээр тоглолт хийсэн ч ялагдав.
Катманду хотыг удирдаж байхдаа Балендра Шахын хийсэн ажил нь олон хүний санаанд нийцсэн байна. Тиймээс түүнийг Засгийн газрын тэргүүн болох зорилго сонгуулиас өмнө шийдэгдсэн гэж хэлж болно. Непалын 18 сая сонгогчийн 10 сая орчим нь саналаа өгсөн байна. Сонгогчид нь “Би конгрессыг дэмждэг”, “Би коммунист” гэх үзэл урьдын учир утгаа нэгэнт алдаж, “Би шинэ маягаар аж төрөхийн төлөө” гэцгээх болжээ.
Балендра хийгээд Үндэсний тусгаар тогтнолын нам хүний эрх, ардчилал, дэвшил, тусгаар тогтнол гэх хамгийн ерөнхий, түүгээр ч барахгүй хамгийн бүдэг бүрхэг ч гэж хэлж болох үзэл суртлын үндэслэл баримталж ялалтад хүрсэн байна. Улсаа Энэтхэг хийгээд Хятадаас хамааралтай байхыг энэ нам эсэргүүцдэг. Явцуу хүрээний саадыг үгүй хийж, залуучуудад өсөж дэвжих ирээдүй, төлөв нээж өгөхийг эрмэлзэнэ. Эртний уламжлалтай хамтран аж төрөх хөдөөх ёсыг хот суурингийн оюунлаг байдал ялах нь энэ сонгуулийн онцлог байв. Ташрамд хэлэхэд, непалчуудын дөрөвний нэг нь хотод оршин суудаг юм байна. Үүнд ирээдүйд тохиох зөрчлийн гол үндэс ч байгаа аж. Сонгуульд ялсан хүчин Засгийн газраа төвхнүүлэх товыг одоогоор шийдээгүй байна. Үүнд учрах бэрхшээл байхгүй гэж үзэж буй юм. Түр Ерөнхий сайд хатагтай Сушила Карки ялагчдад эрх мэдлээ шилжүүлэх бүх нөхцөл боломжийг нэгэнт хангажээ.
Саяхан болтол Ерөнхий сайд байсан, энэ албыг дөрвөн ч удаа хашсан Марксист-ленинст нэгдсэн намын Шарма Оли ялалтад нь Балендрад баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ. Энэ намынхан хэдийгээр ялагдал хүлээсэн ч Ерөнхий сайд болох Балендра Шахын шинэ улс төрд бас байр суурь эзлэх бодолтой байгаад эргэлзэх юм үгүй гэж хэвлэлд бичсэн байх юм.
Балендра Шах Засгийн эрх барих болсон нь 2025 онд Непалд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүн юм. Тэрбээр 1990 онд төржээ. Непал, Энэтхэгт сурч барилгын инженер мэргэжил эзэмшсэн нэгэн. Оюутан байхаасаа л улс төр, урлаг сонирхох болжээ. Улс төрийн сэдвээр нийтлэл бичиж, ядуучууд, сүсэг бишрэлгүй хүмүүстэй эв санаа нэг байгаагаа илэрхийлдэг байв. Тэрбээр 2022 онд Катманду хотын захирагчийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэв. Непалын улс төр барууны “Непалын Конгресс”, зүүний Коммунист нам хоёрын хооронд л үндсэндээ өрнөж ирж. Балендраг улс төрийн гурав дахь хүчин болох “Бибексил” (Эрүүл ухаан) нам дэмжиж санамсаргүй ялалт байгуулав.
Хотын захирагчийн хувиар худалдааны томоохон төв, оффис болон жижиг лангуу хүртэл барьж олны дэмжлэг хүлээх болжээ. Түүний шийдвэрээр хотын цагдаа нар гудамжны худалдаачдыг хөөн зайлуулж, голын эргээр аж төрөх орон гэргүй хүмүүсийг ч холдуулах арга хэмжээ авсан нь мөргөлдөөнд хүргэж 21 хү ний амь үрэгдсэн гэнэ. Балендра энэ мэт үйл ажиллагааны улмаас төв Засгийн газартайгаа шөргөөцөлдөж, төр, засгийн гол байгууламжууд болох парламент,Дээдшүүх байрладаг дүүргийг шатаана хэмээн заналхийлэхэд хүрч байв. “Зумерийн” гэж нэрлэгдэх болсон эсэргүү цэл Непалд 2025 оны есдүгээр сард эхэлсэн билээ. “Facebook”, “Instagram”, “Youtube”, “WhatsApp”, X, “Reddit”, “Linkedin” зэрэг нийгмийн 25 сүлжээг хаасан нь эсэргүүцэл дэгдэх шалтгаан болжээ. Эдгээрийн эздийг Мэдээлэл, харилцаа, технологийн яаманд бүртгүүлэхийг, шинээр татвар төлөхийг Засгийн газар шаардсан байна. Үүнийг эсэргүүцэгчид эрх мэдэлтнүүдийн авлига, хээл хахуулийн тухай болон эрх дарх, дээдсийн хүүхдүүдийн тансаг амьдралын талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгэхийг хязгаарлах гэсэн оролдлого гэж үзсэн юм. Хязгаарлаж буйгаа есдүгээр сарын 4-нд зарлахад 8-нд Катмандуд, дараа нь бусад хотод эсэргүүцлийн цуглаан эхэлжээ.
Непал бол залуу улс, хүн амынх нь дундаж нас 20. “Зумер” гээд байгаа нь 1990-ээд оны эцэс, 2000-аад онд төрсөн хүмүүс. Тэгсэн хэрнээ тэдний 20 хувиас илүү нь ажилгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг нь хилийн чанадаас гуйвуулдаг мөнгө. Бараг өрх бүрээс нэг хүн мөнгө олохоор гадаад орныг, голлон Персийн булангийн орнууд юмуу, Малайзыг зорьдог. Тэдэнтэйгээ хэл ам авалцдаг гол хэрэгсэл нь нийгмийн сүлжээ, мессенжер.
Эсэргүүцэн тэмцэгчид эхнээсээ л нийгмийн сүлжээнд тавьсан хоригоо цуцлахыг төдийгүй эдийн засаг, улс төрийн системийн чанартай өөрчлөлт хийх, авлигатай тэмцэж, ажлын байруудыг шинээр бий болгохыг шаарджээ. Тэмцэл тун удалгүй эмх замбараагүй байдал болон хувирч, тэмцэгчид парламентын ордонд дайран орохыг оролдож, цагдаа, арми нь тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу, резинэн сум сүүлдээ байлдааны зэвсэг ч хэрэглэхдээ тулсан. Коммунист намын төлөөлөл, Ерөнхий сайд нь огцорч, эх орноосоо зугтан гарав. Эсэргүүцэгчид парламент, Дээд шүүхийн байрыг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өргөө, Коммунист намын төв байрыг шатаав. Сайд нар, депутатууд нь олноороо гадагш гарах болжээ. Эмх замбараагүй байдал есдүгээр сарын 13-нд зогслоо. Албан ёсны баримтаар 76 хүн амиа алдсан байна. “Зумер”-үүдийн тэмцлийг Балендра Шах дэмжиж, зугтсанЕрөнхий сайдыг алуурчин гэж нэрлэв. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард Үндэсний тусгаар тогтнолын намд элсжээ. Энэ нам эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд нэг бус удаа орж байсан ч бие даан өөрийн гэсэн Засгийн газрыг ер төвхнүүлж байсангүй.
Парламентын сонгуулийн дүн энэ сарын 5-нд гүйцэд гараагүй байсан ч Үндэсний тусгаар тогтнолын нам 275 мандатын талаас илүүг авсан нь тодорхой болжээ. Олон жилийн хугацаанд нэг нам ийм хол давуу олонх болж, хэнтэй ч эвсэлгүйгээр дангаар Засгийн газраа байгуулахаар болсон нь анхны тохиолдол юм. Хэвлэлд бичсэнээс үзвэл сонгогчид намынх нь төлөө саналаа өгсөн мэт ч үнэн хэрэгтээ тэд Балендра Шахыг сонгосон гэж үзэж болохоор гэнэ. Тэрбээр унасан Ерөнхий сайд Оли хэмээх өрсөлдөгчөөсөө гурав дахин илүү санал авч ялж байсан нэг мандаттай тойрогт нэрээ дэвшүүлжээ.
Хагас жилийн өмнө “зумер”-үүд эсэргүүцэн тэмцсэн урьдны дээд хэсгийнхэнтэй ямар нэг холбоо сүлбээгүй байсан нь Балендра Шахын гол давуу тал аж. Бас ямар нэг үзэл суртал хийгээд намын дэг журмаас ангид нэгэн гэнэ. Хүнд сурталгүйгээр чухал шийдвэрээ хамтран гаргадаг баг харин түүнд бий аж. “Мэргэжилтнүүд илүү мэднэ, тэд л шийдэг” гэх зарчимтай, “Бибексил”-ээс гаралтай нөхөд энэ багийг бүрдүүлдэг юм байна.
Непалд Ерөнхий сайд нь бүхнээс илүү эрх мэдэлтэй гэмээргүй ч улс төрийн хамгийн хүчирхэг хүн байдаг аж. Сая болсон сонгууль сүүлийн жилүүдэд хамгийн ач холбогдолтой, хамгийн ярвигтай үйл явдал гэгдэж байна. Түүнд Непалын улс төрд ноёрхож ирсэн, жин дарах зүтгэлтнүүд авлига, хээл хахуулийг эцэслэж, улсынхаа амьдрал, ажил, үйлсэд шинэ үеийг нээхээр амласан залуу үеийнхэн өрсөлджээ. Чухам залуусын эсэргүүцэл тэмцэл Балендра Шахыг Непалын улс төрийн өнгөнд гаргаж иржээ. Нэрд гарсан реппер, дуу чин байсан тэрбээр олны дунд “Бален” гэж нэрлэгдэх болсон байна. Сонгуульд зориулсан түүний сурталчилгааг Непалд болсон хамгийн сайн зохион байгуулалттай, орчин цагийн шинэлэг агуулга хэлбэртэй байв гэж үнэлжээ. Авлига, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийн удирдлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, боловсрол, эрүүлийг хамгаалах салбарт оруулах хөрөнгийг нэмнэ гэсэн амлалт өгсөн аж. Гадаадад байгаа, ялангуяа АНУ-д оршин суудаг непал хүмүүс энэ амлалтыг ихээхэн дэмжсэн юм байна.
Р.Жаргалант