Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиодог уламжлалтай. Одоогоор дэлхийн 200 гаруй оронд эл өдрийг тэмдэглэж буйн нэг нь манайх юм. Бөөрны архаг өвчин, дутагдал сүүлийн жилүүдэд манайд огцом нэмэгдсэн. Иймээс иргэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь бөөрний өвчнөөс хамгаалах хамгийн чухал арга гэдгийг эмч нар зөвлөлөө. Мөн давсны хэрэглээг багасгах, хангалттай хэмжээний ус уух, жингээ хэвийн барих, дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхинаас татгалзах, цусны даралт болон сахарын хэмжээг тогтмол хянах нь бөөрний эрүүл мэндийг хамгаалахад тустай. Сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас бөөрний дутмагшил, сувганцрын завсар эдийн өвчин, мөн бөөр ба шээлүүрийн бусад эмгэгийн үед үзүүлэх эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж байна.\
П.Дайриймаа