Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу “Сэлбэ”, “Шархад” дэд төвийн 7.2 км үргэлжлэх шугам угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах таван шатлал бүхий усан сангийн байгууламжийг барина гэв.
Тэгвэл хот, нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48 000 шоо метр талбай дахь лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангахаа мэдэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нарангийн энгэрийн үерийн хамгаалалтын 22 метр суваг лаг хагшаасаар дүүрч, дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг нэмж барин, Туул гол руу холбох ажлыг хийх аж.
О.ОРГИЛОХ