Боловсролын яамнаас “Азийн сан”-тай хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд эх хэл, өв соёлынхоо гайхамшгийг таниулах, номтой нөхөрлөх суурийг тавих зорилгоор “Өв соёл-хамтдаа уншъя” үндэсний арга хэмжээг өнгөрсөн нэг сарын хугацаанд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 960 цэцэрлэгийн 6634 бүлгийн нийт 163 242 хүүхдийг хамруулсан байна. Мөн 95 мянга орчим эцэг, эх, асран хамгаалагч хамтран оролцсоноороо онцлогтой. Ингээд эдгээр цэцэрлэгээс “Өв соёл дээдлэгч” номинацид зургаа, “Унших соёлыг дэлгэрүүлэгч” тав, “Бүтээлч-шинжлэх ухаанч”, “Цахим шилжилт хэрэгжүүлэгч”, “Унших соёлыг өвлүүлэгч” тус бүр зургаа, нийт 29 цэцэрлэгийг шилдгээр шалгаруулж, сайдын нэрэмжит болон “Лоринет сан”, “Азийн сан”-гийн шагнал гардуулав.
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд томчуудын үүрэг, оролцоо их. Ялангуяа аавууд ажлаасаа орой ирээд хүүхдэдээ ном уншиж өгдөг байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, нандин харилцаа бэхэждэг. Цаашлаад ээж, аав нар хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох сул үг хэрэглэлгүй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байвал тэд ч эх хэлээ хурдан сурна. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхдийн хэл ярианы болон төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг” гэсэн юм.
Сонирхуулахад, “Өв соёл-хамтдаа уншъя” арга хэмжээг 2020 оноос эхлэн зургаа дахь жилдээ ийн амжилттай зохион байгуулснаар гэр бүлүүдийн оролцоо нэмэгдэж, хүүхдэдээ өдөрт 15 минут ном уншиж өгч хэвшсэн байна. Мөн багш нарын давтан унших арга зүй сайжирч, цэцэрлэгүүдийн номын фонд үлэмж баяжжээ.
М.ГЭГЭЭ