Олон улсын ойн өдөр энэ сарын 21-нд тохионо. Уг өдрийг угтан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар болон бусад холбогдох байгууллага хамтран сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, өртөөчилсөн аялал, урт хугацааны аян зохион байгуулж буй. Эдгээрийн нэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг юм. Тус арга хэмжээг өчигдөр ШУА-д ойн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулдаг олон талын оролцоог ханган зохион байгуулж, үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, бодлого, цаашдын чиглэлийг тодорхойлов. Мөн энэ үеэр ойн салбарын шинжлэх ухааны судалгаа, хотын ногоон байгууламж, ойн тогтвортой байдал, Хархорум хотын экoлогийн төлөвлөлт зэргийг авч хэлэлцсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол зорилго нь 2030 он гэхэд 1.5 тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн сангийн нөөцийг есөн хувьд хүргэх. Ингэснээр цөлжилт, газрын доройтлыг бууруулан, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулах юм. Гэвч өдгөө энэхүү кампанит ажлын явц дөнгөж 8.32 хувьтай байгааг онцолсон. Энэ нь нийт төлөвлөсөн тооноосоо 127.9 сая мод тарьж, дүйцүүлсэн үзүүлэлт аж. Иймд цаашид уг арга хэмжээг бүх шатанд эрчимжүү лэх шаардлагатай гэв.
О.Оргилох