“Монголын нууц товчоо”-нд Сэнгүр горхи нэрээрээ тэмдэглэгдэн үлдсэн түүхт Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, голын урсац бүрэлдэх болон эх орчмын нийт 163 543 га газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын аравдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
Цэнхэрийн голын эхийг ийнхүү хамгаалалтад авснаар цэнгэг усны нөөцийг хадгалж, голын эхийг бохирдож, доройтохоос сэргийлэн, байгалийн унаган төрхийг нь авч үлдэх чухал ач холбогдолтойг албаныхан хэлсэн. Улмаар дээрх шийдвэр нь гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах улсын бодлогыг орон нутгийн хэмжээнд бодитоор хэрэгжүүлэх үндэс болсноороо онцлог гэв. Сонирхуулахад, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаар урсах Цэнхэрийн гол нь Хэрлэн мөрөнд цутгадаг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн ойт хээрийн бүсэд оршдог бөгөөд олон зүйлийн загас, жараахай элбэгтэй, аялал жуулчлалын онцгой бүсүүдийн нэг юм.
О.Ундрах