АНУ-ын Небраска мужийн төв болон баруун бүс нутагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барж, олон арван барилга, байгууламж сүйджээ. Энэ нь тус мужийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшигт үзэгдэл болоод буй аж. Улмаар тус мужийн захирагч Жим Пиллен онц байдал зарлаж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, гол замуудыг хаасан байна. 240 мянга гаруй га талбайг хамран, хурдацтай тархаж буй уг түймрийг унтраахаар Үндэсний гвардын бие бүрэлдэхүүн болон орон нутгийн сайн дурынхан хүч нэмэгдүүлэн ажиллаж буй юм.
Ташрамд дурдахад, АНУ-ын дундад, өрнөд бүс нутагт гарсан түймрийг одоо болтол бүрэн хяналтад авч чадаагүй. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар эрчимтэй ажиллаж буй ч хүчтэй салхи, хэт хуурайшилт болон цасан шуурга хавсарсан “гуравласан аюулт үзэгдэл”-ийн улмаас төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар түймэр цахилгааны шугам гэмтсэнээс оч үсэрч гарсан байж болзошгүй хэмээн албаныхан үзжээ.
Э.Сүйлэн