АН-ын “4-11” мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар байр суурь илэрхийлэв. Дэд сайдын орон тоог нэмж, төрийн данхар бүтцийг өргөтгөсөн хэмээн Засгийн газрыг шүүмжилж, үүнийгээ эргэж харахгүй бол огцруулах санал оруулахаа тус намынхан хэдэн сарын өмнө мэдэгдсэн юм. Уг шаардлагад нь Засгийн газар өнгөрсөн мягмар гарагт хариу өгч, “Төрийн данхар бүтцийг багасгах та бүхний санал үндэслэлтэй. Тиймээс зөвхөн дэд сайд биш, яамдын бүтцийг ч эргэж харахын тулд холбогдох хууль, эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Уг ажилд хамтрахад бэлэн” гэжээ. Энэ талаар ирэх даваа гаргийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхээ О.Цогтгэрэл дарга нь мэдэгдэв.
Мөн УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганд АН-ын бүлгийнхэн хэлсэн ёсоороо оролцсонгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өөрөө биш, гишүүдийг яриулдаг, дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэдэг утгаар анх парламентын спикер гэдэг үг үүссэн юм. Тэгэхээр спикер бол мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг хүн. Төлөөллөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хангаж, намын улс төр, талцлаас ангид байлгаж, бие даасан парламентат ёсыг хангадаг албан тушаалтан. Харин манайд УИХ-ын дарга гэдэг үг ашигласнаараа “Би эдний дарга” гэсэн ойлголт түгээсэн” гээд АН-ынхны шаардлага бол Н.Учрал гэдэг хүнд чиглээгүй, зарчим ярьж байна хэмээн санууллаа.
Н.Учралыг спикерээр сонгоход АН-ын 19 гишүүн дэмжиж саналаа өгсөн атлаа одоо яагаад өөр зүйл ярих болсныг асуухад О.Цогтгэрэл “Н.Учралыг УИХ-ын даргаар сонгосны дараа бидний санаачилсан төслийг дэмжинэ гэсэн тохиролцоо хийсэн байсан юм. Гэвч тэд амласнаараа бидний төслийг хэлэлцсэнгүй” гэв. Мөн өмнө нь АН-ын дарга З.Энхболд ч УИХ-ын даргаар ажиллаж байсан тухайд гишүүн Х.Тэмүүжин “Аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахын сөрөг талыг би АН-ынхаа жишээн дээр хэлье. З.Энхболд нөгөө намын даргатай хуйвалдаад, сонгуулийн холимог тогтолцооноос татгалзаж, үүнийг Үндсэн хуулийн бус гэж үзсэн. Үүний гороор АН дараагийн дөрвөн жилд нь “гудамжинд” гарч, нэг нам үнэмлэхүй олонхоор засаглах нөхцөл үүссэн юм. Намын дарга УИХ-ыг удирдахаар төр ингэж гажууддаг. Тиймээс л бид зарчим ярьж, шаардаж байна” гэлээ.
С.Уул