Монгол түмний үеэс үед дуулагдсаар ирсэн ХХ зууны манлай бүтээл “Халуун элгэн нутаг”-аас эхлээд “Зандан шоо”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Чандмань эрдэнэ”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг олон арван шилдэг дууны шүлэг туурвисан Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр зохиолч, яруу найрагч, ардын билиг зүйч, хэл шинжлэлч, орчуулагч төдийгүй урлаг судлаач гээд олон салбарт эрдэм мэдлэгээ зориулсан ХХ зууны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байв. Эл түүхт ойд зориулан түүний амьдрал, уран бүтээлээс дээжлэн “Жамцын Бадраа” үзэсгэлэнг Монголын театрын музейд энэ сарын 25-н хүртэл олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд Ж.Бадраагийн хөгжим судлал, хэл шинжлэл, найруулга зүй, орчуулга, яруу найраг болон дэлгэцийн урлагт мөнхөлсөн бүтээл туурвилын түүхэн гэрэл зураг, эдлэл хэрэгсэл, захидал, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэснээрээ онцлогтой. Түүнчлэн үндэсний урлагийг сурталчлах “Хуур магнай” төв, “Эртний сайхан”, “Түмэн эх” чуулга, МУИС-ийн тухайн үеийн нэрээр Ардын урлаг судлалын тэнхимийг санаачлан байгуулж, АНУ, Тайваньд аялан тоглолт хийсэн түүхэн баримт сэлтийг ч дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Ж.Бадраагийн ач хүү Б.Наранзун “Өвөө минь олон чиглэлээр, тэр тусмаа ардын язгуур урлаг, монгол хэл, яруу найргийн тухайд энд ярьж барахааргүй их зүйл хийж бүтээжээ. Үр ач бидэндээ “Нэр хүнд хөөцөлдөхөөс илүү он цаг туулах зүйл хийж бүтээх хэрэгтэй” хэмээн сургадаг байсан” хэмээв.

Тэрбээр “Хөгжмийн нэр томьёо”, “Монгол ардын хөгжим” нэг сэдэвт бүтээл, дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж, “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ”, “Халуун элгэн нутаг минь” эмхэтгэл хэвлүүлэн, монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Мөн “Сүнжидмаа” дуут бүжгийн цомнол, 10 гаруй найраглал бичсэнээс гадна орос, итали, хинди хэлнээс “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” дуурь, Р.Таагүүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” тэргүүтэй олон жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг орчуулсан байна. Улсынхаа бүх сумаар явж ардын билиг авьяастныг судлан “Ардын дуу хуур” телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, телевизийн “Монгол хөөмий”, “Цацал”, “Ингэн эгшиг”, “Уртын дуу”, “Дэмбээ мань даа хө” баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж байсан түүхтэй.
Ташрамд дурдахад, эл түүхт ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИСийн Эрдмийн өргөөнд өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эл хуралд таван орны 30 гаруй эрдэмтэн оролцож, түүний утга зохиол, хэл шинжлэлийн салбарт оруулсан хувь нэмэр, дэвшүүлсэн онол, санааг хэлэлцсэн юм. Түүнчлэн ДБЭТ-ын тайзнаа Ж.Бадраагийн орчуулсан “Евгений Онегин” дуурийг нь толилуулахын зэрэгцээ яруу найрагчийн шүлэгт үндэслэн хөгжмийн зохиолч Ц.Намсрайн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
У.Цэцэг