Наурызын баяр өчигдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр казах түмэн уламжлалт хоол ундаа бэлтгэж, ахан дүүс, хөршүүдтэйгээ золгон мэндчилж, дуу хуур, бүжиг наадам болов. Наурыз нь шинэ жилийн эхлэл, байгаль дэлхий сэргэн мандахыг бэлгэддэг уламжлалт баяр юм. Эл өдөр Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” нэгдсэн арга хэмжээг казах түмний соёл, зан заншил, дуу бүжгийг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хороо (УСХ)-ны мэдээллээр, Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь буюу 130 мянга гаруй нь казак угсаатан байна. Тэдний олонх нь баруун бүсэд, ялангуяа БаянӨлгийд 76.5 хувь нь оршин суудаг бол Ховдод 8.4, Улаанбаатар хотод 10.3, Дархан-Уулд хоёр, бусад аймагт 2.8 хувь нь амьдардаг. Мөн насны бүлгээр авч үзвэл казах иргэдийн 33.5 хувь нь 0-14 насныхан байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн 15- 24 насныхан 17.2, 25-34 насныхан 15.4, 55-аас дээш насныхан 10.9 хувийг эзэлжээ.
Сонирхуулахад, казахууд эрэгтэй хүүхдэдээ Нурали, Ерасыл, Серикбол, Ахжол, Ахтилек, харин охиддоо Амина, Айдана, Айнур, Айзере, Айару зэрэг нэр түгээмэл өгдгийг ҮСХ-ны тайланд дурджээ.
П.Дайриймаа