“Дэлхийн аз жаргалын тайлан2025”-ыг өнгөрсөн баасан гарагт танилцуулахад Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгджээ. Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг юм. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБ, эрүүл амьдрах хугацаа, эрх чөлөөний мэдрэмж, нийгмийн итгэлцэл, өгөөмөр чанар зэрэг олон хүчин зүйлсийг суурь хэмжүүр болгодог юм. Финланд улс олон жил дараалан энэхүү эрэмбэд тэргүүлсэн шалтгааныг байгаль, итгэлцэл, боловсрол гэсэн гурван хүчин зүйлтэй холбоотой гэж Ерөнхийлөгч Александр Стубб нь 2024 онд онцолж байжээ. “Дэлхийн аз жаргалын тайлан”-гийн өнгөрсөн оны эрэмбэд 147 орноос 77 дугаарт бичигдэж байсан Монгол Улс энэ онд хоёр байр урагшилж, 75 дугаарт жагсав. 10 жилийн өмнө манайх тогтмол 100-гаас хойш эрэмбэлэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирчээ. Гэвч 2024 онд аз жаргалын үзүүлэлтээр эрс хойшилж, 61-ээс 77 руу ухарсан юм.
Э.Сүйлэн