Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, дүүргийн ЗДТГ-ынхантай хамтран Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжид Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын нийт 18 сургуульд төслийг хэрэгжүүлэх гэнэ. Зорилго нь хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн жишиг, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцаж, хөгжих боломж олгох юм. Хамгийн гол нь сонгогдсон сургуулиудад хүүхдэд ээлтэй, сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон. Төсөлд 18 000 сурагч, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид, 900 багш, сургуулиуд дахь хүүхэд хамгааллын хамтарсан багийн 144 гишүүн, дүүрэг, орон нутгийн 48 мэргэжилтнийг хамруулах аж.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд сургуулийн түвшний хүүхэд хамгааллын механизм, ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх, багш, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, ялангуяа үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад сургана гэв. Мөн сургуулиудын сэтгэл зүйн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, тусгайлсан танхим, өрөө, орчинтой болгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах замаар өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах юм байна.
О.Ундрах