АНУ-ын Ерөнхийлөгчдөөс дөрөв нь буюу Авраам Линкольн, Жеймс А.Гарфилд, Уильям Маккинли, Жон Ф.Кеннеди нар алуурчны гарт амиа алджээ. Өөр гурван Ерөнхийлөгч нь суманд өртсөн ч амьд үлдсэн байдаг. Теодор Рузвельт, Рональд Рейган нар уужим ухаан, эр зориг, хошин шогийн мэдрэмж бүхнийг үхлийн улаан нүүрэн дээр харуулж арилшгүй мөр үлдээсэн аж. Пенсильвани муж улсын Батлер хотод болсон улс төрийн зорилготой цуглааны үеэр амь насанд нь халдсаны дараа Нууц албаныхан дунд зогсож буй Трампын зураг ихэнх хүнд танил болсон. Гараа өргөн, чихнээс нь гарах цусанд баруун хацар нь будагдсан Трамп тэнд цугласан олонд хандан бичлэг хийж буй камер руу “Тэмцэцгээ” хэмээн гурвантаа хашгирсан аж. Томас Крук гэдэг этгээд гал нээж, Трампын чихийг шүргүүлж, өөр хоёр эрийг шархдуулан, нэг эрэгтэйн амийг хороох үед Трампын танил сэтгүүлч эмэгтэй Салена Зито нэр дэвшигчийг үгээ хэлсний нь дараа асуулт тавихаар түүнээс нэг метр орчмын зайд сууж байв. Алуурчныг гал нээхээс агшны өмнө тайзан дээр байх үзүүлэн рүү эргэсэндээ Трамп сумны бай болсонгүй. Энэ бүхнийг Зито “Бойдаа” хэмээх номдоо бичсэн нь бий. Маргааш өглөө нь Зито руу Трамп утасдаж бүх юм зүв зүгээр гэдгээ хэлжээ. Зито ч өөрт нь юу ч тохиолдоогүйг түүнд хэлсэн байна. Тэр өдөр буюу БНН-ын Үндэсний их хурлын сүүлчийн хуралдаан болох 2024 оны долоодугаар сарын 18-нд Трамп Зито руу дахин долоон удаа залгаж, тэд нийтдээ бараг 90 минут ярьсан байна. Тэндхийн эмнэлэгт өөрт нь хийсэн эмчилгээг магтаж, алуурчны суманд өртөж амиа алдсан гал сөнөөгч Корид гашуудаж буйгаа илэрхийлэж, бие нь сайн байгаа, эсэхийг лавлахаар холбогдсон улс төрийн өрсөлдөгчдөдөө сайныг ерөөжээ. Зито утсаар сүүлчийн удаа ярилцахдаа алуурчныг яг буудах тэр агшинд юу таныг үзүүлэн рүү эргэхэд хүргэсэн бол гэж Трампаас асуухад хэсэг азнаснаа “Бурхан, түүний мутар” гэж хариулжээ.
1981 оны гуравдугаар сарын 30-нд Вашингтонд Ерөнхийлөгч Рональд Рейган руу буудсан байдаг. Тухайн үед Нууц алба нь түүнийг “Нойтон арьс” хэмээн томьёолон нэрлэдэг байж. Тангаргаа өргөөд хоёр сар гаруйхан болж байсан тэр өдөр Рейган “Вашингтон Хилтон” зочид буудалд байсан хүмүүст үгээ хэлээд бараа бологчдынхоо хамт тэндээс хөдөлжээ. Энэ үед сэтгэл санааны хувьд эрүүл бус Жон Хинкли гэдэг залуу гар буу гарган ердөө хоёр секунд хүрэхтэй үгүйтэй хугацаанд зургаан удаа буудаж, Ерөнхийлөгч тэр хоёрын дунд зогсож байсан хэвлэлийн нарийн бичгийн дарга Жеймс Брэди, цагдаагийн болон Нууц албаны ажилтныг шархдуулав. Сүүлчийн сум нь лимузин машиныг нь онож ойгоод аравтын мөнгөний хэмжээтэй хавтгай юм болоод Рейганы зүүн талаас нь туссан байна. Ерөнхийлөгч шархадсаныг анзаараад Нууц албаны ажилтан Жерри Парр машинаа асаан Рейганыг Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн эмнэлэгт хүргэхийг жолоочид тушаав. Эмнэлгийн гадаа ирээд Ерөнхийлөгч өөрөө ганцаараа явж дотогш орох гэж хүчилсэн ч хонгилд нь ойчжээ. Шарх амь насанд нь аюултайг мэс заслын эмч нар даруй тодорхойлж, сум зүрхнээс нь ердөө хоёр сантиметр зайд байгаа тул цусыг нь тогтоохын тулд мэс ажилбар хийх шаардлагатай гэв. Тэгээд цусыг нь тогтоож, тэр өдөр Рейган цусныхаа хагасаас илүүг алдсан аж. Трампын адилаар Рейган ч ойр тойрныхоо хүмүүст, ялангуяа гэргий Нэнсигийнхээ төлөө санаа тавьж байжээ. Тэгээд мэс засал хийхийг хүлээн түрдэг орон дээр хэвтэж байхдаа түүнийг тайтгаруулах гэж тэмцээнд ялагдсанынхаа дараа алдарт боксчин Жек Дэмпси гэргийдээ “Би харайхаа мартчихсан байна лээ” гэж хэлснийг өгүүлж, түүгээр ч барахгүй мэс заслын өрөөнд орсон хойноо эмч, сувилагч нарт хандаж “Та нарыг БНН-ынхан биш гэж найдаж байна” хэмээн наргиан болгосон байна. Мэс заслын эмч либерал-демократ үзэлт Жозеф Жордано “Ноён Ерөнхийлөгчөө, өнөөдөр бид бүгдээрээ бүгд найрамдахчууд” гэж хариулжээ. Эмнэлгээс гарахдаа ч ажилтнуудад нь наргиантай үг хэлэхээ мартсангүй “Холливуудад надад ийм их анхаарал тавьж байсан бол би тэнд үлдэх байсан” гэсэн байна. Эмнэлэгт байхдаа Рейган “Надад юу ч тохиолдлоо гэсэн би амьдралаа Бурханд зориулна, боломжит бүх аргаар түүнд зүтгэхийг хичээх болно” гэж өдрийнхөө тэмдэглэлдээ бичсэж байж.
Шранк гэгчийг өөр рүү нь буудахын өмнөхөн Теодор Рузвельт 1912 оны аравдугаар сарын 14-нд Милоукид үг хэлж байв. Эмч нар хожим нь сэтгэцийн хувьд эрүүл бус болохыг нь хүлээн зөвшөөрсөн Жон Шранк гэгч бөөгнөрсөн хүмүүсийн дундаас гарч нэг метр хагасын зайнаас “38 Special” гар буугаар Рузвельтийн цээж рүү бууджээ. Рузвельт тухайн үедээ Ерөнхийлөгч асан байж. Тэрбээр төрийн тэргүүнд Дэвшилт намаас дахин нэрээ дэвшүүлээд байв. Рузвельт мөн л Трамп, Рейган нар шиг шархаа үл хайхран эр зоригоо харуулжээ. Нүдний шилнийх нь сав, хэлэх үгээ бичсэн хэсэг цаас байсан нь аз болж сумны замд тээглэжээ. Гэлээ ч үгээ хэлж дуустал эмнэлгийн тусламжийг хойшлуулах гэсэн Рузвельтэд энэ байдал нөлөөлж чадсангүй. Өөрийг нь үзэж, даруй эмнэлэг рүү явахыг санал болгосон эмч нараас Рузвельт салж тайзан дээр гарч индэр рүү очоод танхимд байгаа хөөрч догдолсон хүмүүст хандан “Би аль болох айвуу тайвуу байхыг та бүхнээс хүсэж байна. Над руу буудсан нь хандгай алах гэснээс өөр юу ч биш гэдгийг та бүхэн гүйцэд ойлгосон, эсэхийг би мэдэхгүй нь” гэжээ. Рузвельтийн нэрийг дэвшүүлсэн намыг нь түүний эрч хүч, биеийнх нь эрчим чадлын улмаас Эр хандгайн нам гэцгээдэг байсан юмсанж. Буудсан тухай Рузвельт хэдэн минут яриад пальтоныхоо товчийг тайлж цус болсон цамцаа харуулав. Түүнийг бэлдсэн үгээ хэлж байхад хэрэв ухаан алдаж унахад хүрвэл давхиж очоод түшээд авахад бэлэн туслагчид нь анхааралтай ажиглаж байлаа. Ийн байхад үгээ зогсоож, эмнэлгийн тусламж үзүүлэхийг сонсогчдын дундаас байн байн шаардаж байжээ. Гэлээ ч Рузвельт тайзан дээр 90 минут байж, нугаршгүй эр зоригоо харуулсаар үгээ хэлж дуусахад хүмүүс хоолойгоо сөөтөл хашхиралдсан гэдэг. Рузвельтийг тэр даруй эмнэлэгт аваачсан ч гэмтэл, халдвар даамжрахаас зайлсхийх үүднээс сумыг авахгүй байхаар эмч нар шийдсэн аж. Эмнэлэгт эмч, сувилагч нарын хараан дор өнгөрүүлсэн цаг хугацаа ч бас инээд хошигнолгүй байсангүй. Гэргий Эдит нь нүд хамхилгүй сахиж байсныг тэрбээр үнэлж “Эрх баригчийн эсрэг кампанийн тухай манай түүх худал зүйл юм. Амьдралд минь намайг үүн шиг ер хүчтэй удирдаж байсангүй” гэж хэлэхэд хүрсэн байна. Рузвельт хоёр дахь удаагаа Цагаан ордонд орох гэсэн тэмцэлдээ ялагдсан ч олон сая хүний талархлыг хүлээсэн юм. Дараа нь Мэдисон-сквер-гарденд үг хэлэхэд намын нь 17 мянган гишүүн 40 минутын турш алга ташиж, дуу дуулсан гэдэг.
Рузвельтийн эр зоригийг тэр болгон хүн үнэлж, бахархсангүй. Улс төрийн зарим өрсөлдөгч нь “Энэ бүхнийг зориуд зохион байгуулсан, Шранкийг Рузвельт хөлсөлж авсан, тэр удахгүй суллагдана, бууны сум нь жинхэнэ биш” гэж мэдэгдэж байжээ. Энэ бүх хэл үг худал хуурмаг байсан бөгөөд эдгээр гурван Ерөнхийлөгчийн нэр хүнд харсаар байтал олны нүдэн дээр өсөж нэмэгдсэн байдаг. Тэд ч түр хугацааны сандрал түгшүүр, бие бялдрын зовиурыг үл хайхран үүрэг, зорилгоо биелүүлэхийн тулд урагш давшиж байжээ. “Нойтон арьс:Рональд Рейганд халдсан нь” номын зохиолч Дел Квентин Уилбер “Энэ явдал 13 өдөр эмнэлэгт хэвтээд Цагаан ордондоо эргэн ирсэн Рейганд Америкийн олон түмнийг улам бүр ойртуулсан. Тэр өөрөө ч Ерөнхийлөгч хийгээд олон нийтийн хэлхээ холбоог бэхжүүллээ. Ерөнхийлөгчөө нэр төртэй, эр зоригтой хөдлөхийг нь тэд харлаа. Амь насыг нь аврахын төлөө тэмцсэн эмч нар, сувилагчидтай хэрхэн наргиан хийж, ойр дотны хүмүүсээ тайтгаруулж байхыг нь хүмүүс үзлээ” гэж бичжээ. Рузвельт 1910 онд Сорбоннд “Хүчирхэг хүний алдааг юм уу, түүнийг илүү сайн харагдуулах үйлдлийг нь олж харсан шүүмжлэгчид төдийлөн чухал биш. Нүүр нь тоосонд дарагдаж, дараа нь цусаар будагдах хүн л гавьяатай” гэсэн алдартай үгээ хэлжээ.
Р.Жаргалант