Нийтийн тээврийн бодлогын газраас Х:8 дугаартай “Найрамдал зуслан-Таван шар” чиглэлд автобусны хоёр шинэ зогсоол нэмснээ өчигдөр мэдээллээ. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулах, иргэдийн эрэлт, хэрэгцээг хангах үүднээс эл чиглэлд өөрчлөлт оруулж, “Их Монгол өргөө”, “Найрамдлын пост” зогсоолыг төв замын баруун, зүүн талд байгуулжээ. Уг маршрутыг энэ сарын 25-наас буюу маргаашнаас мөрдөж эхлэх гэнэ.
Улаанбаатар хотод автобусны 1280 гаруй зогсоол байдаг аж. Үүний 70 орчим нь дулаан зогсоол. Мөн өнгөрсөн онд нийтийн тээврийн 50 буудалд мэдээллийн шинэчилсэн самбар байршуулжээ. Гэсэн ч ихэнх зогсоол стандартын шаардлага хангадаггүй хэвээрээ, 65 орчим хувьд нь иж бүрэн тохижилт огт хийгээгүй аж. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар нийтийн тээврийн 1171 автобус 136 чиглэлд иргэдэд үйлчилж байв.
М.Гэгээ