ЮНЕСКО-гоос гаргадаг боловсролын статистик мэдээллээр гадаадад суралцаж буй монгол оюутны тоо 20 мянга давсан нь 2018-2019 оны түвшнээс 70 шахам хувиар өссөн үзүүлэлт аж. Ялангуяа БНСУ, БНХАУ, Япон, АНУ-ыг чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн бөгөөд зөвхөн Өмнөд Солонгост л гэхэд 10 200 орчим монгол оюутан суралцаж байна. Цар тахлын жилүүдэд гадаадад суралцагчдын тоо буурах хандлагатай байсан ч 2022, 2023 оноос эрчимтэй өсөх болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” зэрэг тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү урсгалд тодорхой нөлөө үзүүлж байгааг жил бүр 250-300 оюутан эх орноосоо мордож буйгаас харж болно. Тухайлбал, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 1052 оюутан 21 улсын шилдэг их, дээд сургуульд суралцаж буй юм. Харин Дэлхийн банкны хүний капиталын судалгаанд дурдсанаар Монгол Улсад өндөр боловсролтой иргэдийн гадаад шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь “тархины гоожилт” (brain drain) бодитоор бий болох эрсдэл дагуулж буйг анхааруулжээ. Гадаадад суралцаад эх орондоо эргэн ирж ажиллах залуусын хүсэл сонирхол буурсанд манай улсын хөдөлмөрийн зах зээлийн бодлого тодорхойгүй байгаатай холбоотойг салбарын судлаачид онцолдог.
Г.Сансар