Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн нэдүгээр сарын 20-ноос эхлэн 385 цэгээр нөөцийн мах жижиглэнгээр худалдаж буй билээ. Тэгвэл нөөцийн мах зарагдаж дуусаагүй байхад шинэ махны үнэ тэнгэрт хадсанд иргэд бухимдалтай байна.
Томоохон захуудад “нойтон” махны үнэ өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад үлэмж нэмэгджээ. ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр “Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” захад махны үнэ сүүлийн өдрүүдэд өссөн үзүүлттэй байгаа юм. Тодруулбал, үхрийн цул мах нэг килограмм нь 31 000-32 000, хониных 22 000, ямааных 18 000, адууных 15 000 төгрөгийн ханштай байв. Харин ястай махны хувьд 1000-1 500 төгрөгөөр хямд.
Худалдаачид малчдаас үхрийн махыг 18-21, хониныхыг 15-18, ямааныхыг 12-13, адууныхыг 11 мянган төгрөгөөр тус тус худалдан авдаг байна. Харин иргэдэд борлуулахдаа ийн “нугалж” зарсаар байгаа юм. Тэгвэл сүлжээ дэлгүүрүүд болох “И-март”, “М-март”, “Номин”-д үхрийн мах нэг кг нь 38 000 төгрөгт хүрчээ. “Баянзүрх” захад үхрийн цул мах 32 000-35 000 бол ястай нь 30 000-32 000, хонины цулыг 21 000-23 000, ястайг нь 20 000-21 000, ямааны цул махыг 18 000-19 000, ястайг нь 17 000 төгрөгөөр худалдаж байлаа.
Цаашид махны үнэ буурах уу, эсвэл улам өсөх үү гэдэг асуулт олон нийтийн ярианы сэдэв болоод буй юм. Нийслэлийн статистикийн газраас нэгдүгээр сарын 5-наас гуравдугаар сарын 16 хүртэл гаргасан махны дундаж үнийн судалгааг харахад үхрийн цул мах кг нь 25 920-29 464, ястай нь 22 242-25 631, хонины цул 16 842-20 798, адууны ястай мах 14 800-16 300 төгрөгийн ханштай байв. Тэгвэл үүнээс хойш махны үнэ улам нэмэгдэж, энэ сарын 23-ны байдлаар хонины ястай мах кг нь дунджаар 21 435, үхрийнх 26 000 төгрөг болжээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.9, цул нь 0.8 хувиар нэмэгдсэн байна.
НӨӨЦИЙН МАХНЫ БОРЛУУЛАЛТ МУУДЖЭЭ
Иргэд шинэ мах худалдан авах эрмэлзэлтэй байгаа нь нөөцийн махны чанар муу байгаатай холбоотой гэв. Хальс, яс голдуу байдаг нь нөөцийн махны борлуулалт муудахад нөлөөлсөн хэмээн худалдаачид хэлсэн. Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан энэ жил 5016 тонн мах нөөцөлсөн байна. Нөөцөлсөн үхрийн мах кг нь 15 000, хониных 13 000 төгрөгөөр худалдаж буй нь зах зээлийн үнээс харьцангуй хямд юм. Гэсэн ч иргэд шинэ мах худалдан авахыг илүүд үзэж байна.
Хаврын улиралд мал тарга хүч муутай, тэр хэрээр нядалгаанд гаргах нь цөөрдөг тул махны үнэ өсөх нэг шалтгаан болдог гэж худалдаачид тайлбарлав. Нөгөө талаас шатахуун, тээврийн зардал нэмэгдсэн нь хэрэглэгчдэд очих үнэд нөлөөлж буйг онцолсон. Харин малчид өөрсдийн тээвэрлэн авчирсан махаа илүү үнэд хүргэж худалдахын тулд орон сууцын зогсоол хавиар жижиглэнгээр борлуулж байгаа харагддаг. Гэвч ихэнх тохиолдолд зөвшөөрөл авдаггүй тул энэ нь Зөрчлийн тухай хуулиар торгуультай. Зөвшөөрөлгүй гудамж, байрны дунд худалдаа хийсэн иргэнд 50-100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, хууль бусаар олсон орлого, мөн мах, барааг нь хураах зэрэг арга хэмжээ авдаг.
“НЭГ ХОНИНЫ ГУЯ АВАХАД 120 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА”
Хотын захиргаа болон мэргэжлийн хяналтын байгууллагууд дараах шалтгаанаар зөвшөөрөлгүй мах худалдахыг хориглодог билээ. Үүнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй байж болзошгүй, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт зөрчсөн, татвар төлөхгүй байх зэрэг багтана. Өөрсдөө махаа худалдах нь малч дад ашигтай, худалдан авагчдад ч санхүүгийн хүндрэл багатай боловч энэ нь хүнсний аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй аж. Иймд малчид худалдаачдаар дамжуулан махаа борлуулахаас өөр аргагүй болдог.
Шинэ, нөөцийнхөөс арай хямд үнээр худалдаж буй мах бас бий. Энэ нь худалдаачдын өөрсдөө хөлдөөж хадгалсан мах гэнэ. Сүүлийн үед иргэд үүнээс авах нь ч нэмэгдсэн байна. Хөлдөөсөн махны үнэ шинээсээ кг нь 4-5 мянган төгрөгөөр хямд аж. Махны үнэ өсөхийн хэрээр борцны үнэ ч дагаад нэмэгдэж байгааг иргэд хэлж байна. Зах, худалдааны төвүүдэд борцны үнэ өссөн үзүүллэлттэй бөгөөд өнгөрсөн жил үхрийнх кг нь 60 000-65 000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 70 000-90 000-д хүрчээ. Борц нь удаан хадгалах боломжтой, шим тэжээл, сайтай тул ялангуяа хаврын улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс гэж үздэг.
Монголчуудын өдөр тутмын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох махны үнэ ийнхүү өсөж буй нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэлжээ. “Нэг хонины гуя авахад 120 мянган төгрөг болж байна. Цалин үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичсэн байв. Түүнчлэн ахмадууд “Тэтгэврийн мөнгө хэдхэн килгорамм махны үнэ болжээ. Хоногийн хоолоо арай гэж залгуулж байна даа” гэв. Цалин, тэтгэврийн үнийн өсөлтөд дарлуулж байгаагаа иргэд ийнхүү илэрхийлж, ядахдаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ханшийн тогтвортой байдлыг хангаж өгөхийг хүссэн.
П.Дайриймаа