Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар дуут дохио ажиллуулдаг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио дамжуулж, иргэд болон аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.
Дуут дохио эхний удаа дуугарахад “Нуугд-суу-хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлал сонгох буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсож, өөрийгөө хамгаална. Харин хоёр дахь түгшүүр зарлахад барилга, байгууламжийг яаралтай орхиж, толгойгоо халхлан аврах гарцаар гүйхгүй, түлхэлцэхгүйгээр гарч аюулгүй талбайд цугларах ёстой. Орон сууцын оршин суугчид цахилгаан шат ашиглахаас татгалзаж, урьдчилан бэлтгэсэн яаралтай тусламжийн үүргэвчээ аваад цаг алдалгүй гарах шаардлагатай.
Бичиг баримт, чүдэнз, бээлий тэргүүтэй нэн шаардлагатай зүйлс бүхий үүргэвчийг үргэлж бэлэн байлгах нь газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюулын үед эрсдэлийг бууруулдаг аж. Тиймээс иргэдийг эд хөрөнгөдөө санаа зовж цаг алдалгүй, өөрийн болон бусдын амийг нэгдүгээрт тавьж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа.
Э.Сүйлэн