Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгөөд байна. Тиймээс “Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгоод буй Төрийн далбааг мандуулах ёслолыг өнөөдрөөс нээж байна. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235 131 сурагч хамрагджээ. Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах ёслолыг бүтэн жилийн турш хэрэгжүүлсэн бөгөөд нийт 54 мянган сурагч уг ёслолд оролцсон байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн багш нар, удирдлага, эцэг, эхчүүдийн зүгээс уг хөтөлбөрийг ялангуяа Төрийн далбаа мандуулах ёслолыг бүх сургуульд хэрэгжүүлэх санал ирүүлжээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулж, 231 арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд хичээл эхлэхийн өмнөх “Нэг минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан байна. Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг, эх, багш оролцсон бол сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан аж. “Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ ийн тэлсээр байна. 2026 онд уг хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, үнэт зүйлс, бие биенээ хүндэтгэн харилцдаг зан төлөв, ухамсрыг төлөвшүүлэхэд анхаарахаар төлөвлөжээ.