Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” уриан дор чуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулсан байна. Үндсэн хуульд заасан иргэний 59, эдийн засгийн 24, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачилгын гол үзэл санаа аж. Үүний хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч, Төлбөрийн чадваргүйдлын, Арилжааны зэрэг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байх зарчим баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын орчин бүрдүүлэхийн тулд Татварын багц хуулийг мөн хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга дуулгав.
Уг арга хэмжээнд оролцож буй нутгийн өөрөө удирдах төлөөллийн байгууллагынхан нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, шийдэл олохыг зорьсон байна.