Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор хиймэл оюунд суурилсан “Мазаалай” цахим туслах нэвтрүүлснээ мэдээллээ. Энэхүү AI туслах нь байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлж, дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой гэв. Үүнд байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэлт гаргах дараалал, заавар, холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж багтжээ.
Ингэснээр хувь хүн, байгууллагууд хүссэн үедээ “Мазаалай” хөтчид асуулт тавьж, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээгээ шуурхай, ойлгомжтойгоор авах боломж бүрдэв. Мөн цаашид салбарын үйл ажиллагаатай холбоотой бусад үйлчилгээг “Мазаалай”-д шилжүүлэх гэнэ. Сонирхуулахад, хиймэл оюунд суурилсан энэхүү хөтчийг говийн эзэн, дэлхийд нэн ховордоод буй мазаалайн нэрээр нэрлэж, түүнийг хайрлан хамгаалах үйлсийг давхар сурталчлах зорилготой аж.
М.ГЭГЭЭ