Монголчуудын хамгийн их аялдаг Вьетнам, Тайланд зэрэг далайн эргийн оронд гар, хөл, амны өвчин дэгдээд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас сэрэмжлүүллээ. Сурагчдын “Бие даалтын долоон хоног” өнөөдрөөс, үргэлжлүүлээд амралт залгаж, үндсэндээ 14 хоног хичээл орохгүй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг өвчний тархалт өндөртэй улс орнууд руу хүүхдээ аль болох дагуулж явахгүй байхыг анхааруулав. Учир нь хоёр жилийн өмнө Вьетнам улсаас улаанбурхан манайд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд үүний улмаас 14 464 хүүхэд өвчилж, 15 нь эндсэн билээ. Тиймээс энтеровирусээр үүсгэгддэг гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлж, зайлшгүй шалтгаанаар халдвар дэгдсэн улс руу зорчих бол гараа тогтмол савандаж угаах, түүхий ус уухгүй, гудамж, талбай дахь ус, шалбаагт хүүхдийг тоглуулахгүй байх, өрөө тасалгааны цонхыг хоёр цаг тутамд 15-20 минут онгойлгох, нэвт агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насныхны хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх, аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэн, дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.
Гар, хөл, амны өвчин нь бохир гар, вирусээр бохирдсон ус, хүнс, хөрс, эд зүйлс, агаар дуслын замаар халдварладаг, өвчний нууц үе нь ихэвчлэн 2-7, дунджаар 3-5 хоног байдаг. Халдвар цочмог эхэлж, өндөр халууран, хоолой, залгиур, амны хөндийн салст, завж, буйл, хэл, гарын алга, хөлийн ул, хурууны салаа, өгзөг хэсгээр улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай толбот гүвдрүү, цэврүүт тууралт гарч, хүүхэд маш их зовуурилна. Гүйлгэх, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч, энэ нь удаан үргэлжилбэл хүндрэх аюултай тул эмнэлэгт, хөнгөн явцтай бол эмчийн зааврын дагуу гэрээр эмчлүүлэх шаардлагатай аж.
О.УНДРАХ