ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд “Протон-М” пуужингаар дэлхийн тойрог зам руу шинэ хиймэл дагуул илгээсэн. “Elektro-L ¹5” нэртэй уг хиймэл дагуул тойрог замд орсноосоо хойш авсан дэлхийн анхны зургуудаа төв рүүгээ дамжуулж эхэлэв. Экваторын бүсийн дээр ойролцоогоор 36 000 километрийн өндөрт байрлаж, ажиглалт, тандалт хийж эхэлсэн шинэ “цэргийн” дуранд буусан зургуудад гаргийн нэлээд хэсэг хамрагдсаныг мэргэжилтнүүд онцолжээ. Тодруулбал, Энэтхэгийн далай, Америкийн өмнөд болон хойд хэсгээс бусад нь зурагт буусан байна. Зургийг олон бүсийн сканнер ашиглан авсан бөгөөд энэ нь гадаргууг нэгэн зэрэг арван зурвасаар бүртгэдэг аж. Мөн ихэнх суваг нь хэт улаан туяаны бүсэд, багахан хэсэг нь харагдах спектрт ажиллаж, зургийн нарийвчлал нь пиксел тутам дөрөв хүртэл километр хэлбэлздэг гэнэ. Хиймэл дагуулаас “Росгидромет”-ийн тусгай судалгааны төвүүдэд илгээсэн өгөгдлүүдийг агаар мандал болон дэлхийн ойролцоох орон зайд цаг агаарын үйл явцыг шинжлэхэд ашиглаж байна. Гал түймэр, үерээс эхлээд газар хөдлөлт, галт уулын идэвхжил хүртэлх байгалийн гамшгийг хянах боломжийг олгож буй төхөөрөмжийн системүүд хэвийн ажиллаж буй юм. Өдгөө үүнд оптоэлектроник (гэрлийг цахилгаан дохио болгон хувиргах үүрэгтэй төхөөрөмж, жишээ нь шилэн кабель, нарны зай гэх мэт) тоног төхөөрөмжийг тохируулж байгаа талаар “Роскосмос” мэдээлжээ.
Ташрамд дурдахад, хиймэл дагуул бол дэлхийн таталцлын хүчний нөлөөгөөр гараг болон сансрын биетүүдийг тойрон эргэлддэг судалгааны төхөөрөмж билээ.
Э.ХАНА