Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төслийн хүрээнд ХХААХҮЯ болон ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тодруулбал, дээрх төслийг хэрэгжүүлж, агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд улаан буудайн ургац 26-32, хунчирынх 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн аж. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумд байгуулсан агро-ойжуулалтын туршилтын талбайн судалгаагаар ердөө гурван жилийн хугацаанд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн дөрвөөр нэмэгдсэн нь экосистемийн сэргэлт, биологийн олон янз байдал хэрхэн сайжирч байгааг харуулжээ.
Цаашид байгальд ээлтэй, газар тариалангийн үр ашигтай шинэ гарцыг эрэлхийлсэн, эрдэм шинжилгээ ба бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлсэн агро-ойжуулалтыг их хэмжээний талбай, олон бүс нутагт нэвтрүүлснээр ургацын хэмжээ өсөж, зүйлийн төрөл олширч, эдийн засаг, экологийн үр ашиг нэмэгдэх боломжтой гэв.
С.Дулам