Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
Дээрх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулдаг нийт 18 аж ахуйн нэгж, байгууллага бий. Тус байгууллагуудаас хийсэн нэгдсэн судалгаагаар 2025 онд нийслэлийн хэмжээнд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан гэрэлтүүлгийн нийт 1650 шон байгааг тогтоосон. Үүний дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гэрэлтүүлгийн шонгуудыг явган хүний замаас зайлуулж байна. Өвөл зам засварлах боломжгүй байсан тул шонгийн нүхнүүдийг түр хугацаанд хучиж орхисон. Харин одоо урин дулааны цаг ирсэн учраас нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд буй нь энэ. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ” гэлээ.
М.Гэгээ