Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж. Тодруулбал, таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн ИТХ-ын ес, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын ИТХ-ын 39 мандатад шинэ хүмүүсийг тодруулах нь.
Анхан, дунд шатны өөрөө удирдах байгууллагад нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх мэт шалтгаанаар байнга төлөөлөгчдийн “хөдөлгөөн” гардаг. Тиймээс жил бүр нөхөн сонгууль явуулдаг юм байна. Тодруулбал, дээрх 48 мандат дотор гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон төлөөлөгч зургаа, төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон зургаа, нас барсан 14 хүн байна.
С.Уул