Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв. ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцуулга хийсэн. Өнгөрсөн онд тэд эрүүлжүүлэх, цагдан хорих, цэргийн сахилгын байр болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын асрамжийн газар зэрэг 65 байгууллагад хяналт шалгалт хийгээд хэрэгжилт 85 хувь гэж дүгнэжээ. Их, дээд сургуулиудын дотуур байрны стандартыг батлуулсан учраас үүний дагуу холбогдох санхүүжилт гаргаж, засвар хийсэн гэх мэт ахиц байгаа гэнэ. Мөн хорих ангиас голдуу 61 гомдол ирүүлснийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж, хариуг тайландаа тусгасан байна. ХЭҮК гомдлыг шалгах эрхгүй, холбогдох байгууллагад шилжүүлдэг. Түүнчлэн үйл ажиллагаандаа хүний эрхийг хангаж, эрүүдэн шүүхийн эсрэг байх талаар хууль, хүчний байгууллагуудад олон сургалт хийж, сургагч багш нар бэлтгэжээ. 2022 оноос хойш ийнхүү эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийсэн бөгөөд шүүхээр шийдсэн хэргүүд дотор цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол түлхүү байдаг аж. ХЭҮК-оос албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналаа хүргүүлдэг ч сахилгын арга хэмжээ авсан төдий болоод орхидог тухай тэрбээр хэлсэн юм. Мөн хариуцлага тооцох механизм сул, холбогдох хууль эрх зүйн орчин ч хангалтгүй гэж тэд үзжээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгай бүлэг болгон зохицуулах, үүнийг мөрдөх бие даасан алба байгуулах санал гаргасан байна.