БНСУ-ын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор 26.2 их наяд вон буюу 17.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих багц арга хэмжээгээ уржигдар танилцууллаа. Бүс нутгийн тогтворгүй байдлаас шалтгаалан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өссөн нь эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай тус улсын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хүнд дарамт болж байна. БНСУ нь газрын тосны импортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд нийт хэрэгцээт нефтийнхээ 70 орчим хувийг зөвхөн Ойрх Дорнодын орнуудаас бүрдүүлдэг юм.
Тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн төлөвлөгөөний дагуу нийт багц хөрөнгөөс 10.1 их наяд воныг шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй зардлын ачааллыг бууруулахад, 2.8 их наядыг хүн амын эмзэг бүлгийг дэмжихэд тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Мөн 2.6 их наяд воныг экспортлогчид болон нефть химийн үйлдвэрүүд зэрэг ложистикийн зардал, эрчим хүчний үнийн өсөлтөд шууд өртөж буй салбаруудыг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд хуваарилсан байна. Үүнээс гадна 9.7 их наяд воныг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санхүүг тогтворжуулахад, үлдсэн нэг их наядыг улсын өр барагдуулахад тус тус чиглүүлэхээр тусгасан аж.
Мэргэжилтнүүд уг багц арга хэмжээ нь улс орны эдийн засгийг тэтгэх чухал хөшүүрэг болно гэж үзэж буй ч зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэх нь инфляцыг өсгөх эрсдэлтэйг анхааруулж байна. Тухайлбал, “Citigroup” банкны шинжээчид энэхүү дэмжлэг нь нэг жилийн хугацаанд БНСУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.18-0.35 хувиар өсгөх магадлалтай гэж таамаглажээ.
Э.Сүйлэн