Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийг албан ёсоор эхлүүлж буйгаа БОУАӨЯ-наас мэдээлсэн бөгөөд технологийн хэрэгцээ шаардлагын үнэлгээний гол зорилго нь хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох технологиудыг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад оршиж буй аж. Өөрөөр хэлбэл, TNA аргачлал нь гурван үндсэн үе шатаас бүрдэх бөгөөд технологийг эрэмбэлэн сонгох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, саад тотгорын шинжилгээ хийх юм байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд технологийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох энэхүү үнэлгээг үндэсний байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдийн оролцоонд түшиглэхийг салбарын яамнаас нь онцолсон. Ташрамд, дэлхий нийтэд 98 орон дээрх үнэлгээг хийсэн бөгөөд өдгөө 17 улс шинээр эхлүүлж буй аж.