БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж. Тодруулбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт, хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, гэрээ, аюултай хог хаягдлын бүртгэл, хадгалалт, дахин боловсруулалт, ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент, ариун цэвэр, орчны стандартын хангалт зэргийг шалгаж буй гэнэ.
Шалгалтыг энэ сарын 9 хүртэл үргэлжлүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч, лабораторийн шинжилгээ хийх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах гэх мэт арга хэмжээ авна гэдгээ албаныхан хэлсэн. Ташрамд, авто засварын үйл ажиллагаанаас гарч буй тос, тосолгооны хаягдал, аккумлятор, батарей нь Засгийн газрын 116 дугаар тогтоолоор баталсан Аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ийм аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад, эсвэл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөхийг анхааруулав.