Олон нийт болон зорчигчдыг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьд чилан сэргийлэх зорилгоор “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газраар үйлчлүүлж буй иргэд, зорчигчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, өнгөрсөн онд 2.4 сая хүн зорчжээ. Зорчигчдын дийлэнх нь залуучууд бөгөөд холбогдох хууль, тогтоомжийг тэдэнд сурталчлах, гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийх, хориотой бодис болон эм, эмнэлгийн хэрэгслийг ялган таних, мэдээлэх талаар сургалт, сурталчилгаа хийх шаардлагатайбайгаа. Ялангуяа “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, урьдчилан сэргийлэх” цогц арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ өдөр мэдээлэл хүргэсэн байна. Мөн өдөрлөгт оролцогчид, зорчигчдын асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруй сурагчид Гаалийн ерөнхий газрын (ГЕГ) дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын төвийн үйл ажиллагаа, эрэлч нохойн сургалтад ашиглагдаж байгаа хэрэглэлүүдийг танилцуулсан аж. Дээрх арга хэмжээнд ГЕГ дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын төв болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын алба хаагчид, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны төлөөллүүд оролцжээ.
С.Дулам