ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилж авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дуусжээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглаж, Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2015 оны тавдугаар сард дээрх Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй дээрх аж ахуйн нэгжид олгосон байдаг. Түү нийгээ нуун далдлах гэж дээрх хэмжээний улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлдээ тусгаж байсан, өөр төрлийн энгийн улаан буудай нөөцдөө авсан гэдэг. Мөн Б.Галмандах нь албан тушаалаа урвуулж, өөр нэг аж ахуйн нэгжид 21 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий дээрх сортын буудай олгож, улсын нөөцөд хохирол учруулсан хэмээн АТГынхан 2018 оноос хойш шалгасан юм. Уг хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцээд Б.Галмандах, Ц.Алтан-Очир нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилсан гэм буруутайд тооцсон аж. Гэхдээ эд хөрөнгө залилсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага ногдуулалгүй, зөвхөн албан тушаалаа урвуулсан хэрэгт нь Б.Галмандахын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хязгаарлаж, есөн сая, Ц.Алтан-Очирын төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байв. Давж заалдах шатны шүүх тэдний хэргийг хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм.