Швейцарын Брок хотод 2030 он гэхэд нээхээр төлөвлөсөн шоколадны “гүрэн” 30 000 ам метр талбайэзлэх бөгөөд уг төсөл 436 сая гаруй еврогийн өртөгтэй. Дэлхийн болон Европын хамгийн алдартай шоколаднуудыг нэг дороос амтлах боломжтой тус парк нь зочид буудал, зоогийн газрууд, судалгааны төв гэсэн цогц бүтээн байгуулалт юм байна. Энэ бол амттанаар дамжуулан аялал жуулчлалын шинэ хуудас нээх том ажил гэдгийг бүтээн байгуулагчид болон “Maison Cailler” (1898 онд байгуулагдсан, 1929 оноос “Nestle” группийн нэг хэсэг болсон) шоколад үйлдвэрлэгчид мэдээлэв.
Жилд нэг сая хүртэл зочин хүлээн авахаар төлөвлөсөн зохион байгуулагчид “2018 онд боловсруулсан төслийн үр дүнд дэлхийн хүмүүс шоколад үйлдвэрлэх үйл явцтай танилцаж, өөрсдөө ч өвөрмөц бүтээл турших боломжтойгоос гадна мэргэжлийнхэн мастер сургалтад хамрагдана” гэж танилцуулжээ. Өдгөө бүрэн ашиглалтад оруулаагүй ч жилд багадаа 400 000 зочинд үйлчилж байгаа тус төв нь эртний ацтекийн үеэс орчин үеийн технологи хүртэлх шоколад үйлдвэрлэлийн түүхээр аялуулах болно.